АНУ-ын 35 мужид бензиний дундаж үнэ галлон тутамд 4 ам.доллараас доош буурлаа
Улсын дундаж үнэ нэг долоо хоногийн дотор 4.01-ээс 3.81 ам.доллар болж буурсан ч жилийн өмнөхөөс бараг нэг ам.доллараар өндөр хэвээр байна.

АНУ-ын 35 мужид бензиний дундаж үнэ галлон тутамд 4 ам.доллараас доош буурч, улсын хэмжээнд сүүлийн хэдэн сарын хамгийн доод түвшинд хүрээд байна. Үүнд дэлхийн нефтийн зах зээл суларсан нь нөлөөлжээ.
Америкийн автомашины холбооны (AAA) мэдээгээр, Даваа гарагийн өглөөний байдлаар улсын дундаж үнэ галлон тутамд 3.81 ам.доллар байгаа нь долоо хоногийн өмнөх 4.01, сарын өмнөх 4.33 ам.доллараас буурсан үзүүлэлт юм.
Энэ бууралтад түүхий нефтийн үнэ буурсан, зуны оргил үеийн дараа эрэлт улирлын чанартай багассан, улсын ихэнх хэсэгт хямд өвлийн хольцод шилжсэн зэрэг нь голлон нөлөөлжээ.
Сүүлийн бууралт жолооч нарт тодорхой хэмжээгээр амсхийх боломж олгосон ч бензиний үнэ жилийн өмнөхөөс бараг нэг ам.доллараар өндөр хэвээр байна. Иранд үргэлжилж буй дайнаас үүдэлтэй тасалдлын дараа нефтийн зах зээл сэргэхэд хол байгааг энэ нь харуулж байна. 2025 оны арваннэгдүгээр сарын 16-нд энгийн бензиний галлоны дундаж үнэ 3.07 ам.доллар байв.
АНУ, Израилийн хамтарсан цохилт Иран руу эхлэхийн өмнөхөн буюу хоёрдугаар сарын сүүлээр бензиний улсын дундаж үнэ галлон тутамд 2.98 ам.доллар байжээ.
Харин 15 муж болон Колумбийн дүүрэгт бензиний үнэ галлон тутамд 4 ам.доллараас өндөр байна.
Улсын хэмжээнд ихэвчлэн Калифорниад бензин хамгийн үнэтэй байдаг ч Даваа гарагт Хавай тэргүүлжээ. Хавай нефть олборлогч бүс нутаг, боловсруулах үйлдвэрээс газар зүйн хувьд алслагдсан тул хамгийн үнэтэй түлшээр байнга хоёр, гуравдугаарт ордог.
Калифорниа арал биш ч бусад мужаас нефть татах хоолойгүй бөгөөд бусад мужтай харьцуулахад хатуу зохицуулалттай, тусгай хольцтой бензин хэрэглэдэг тул үнэ өндөр байдаг. Ардчилсан намын амбан захирагч Гэвин Ньюсом есдүгээр сард үнийг зөөлрүүлэх зорилгоор хямд өвлийн хольцод шилжихээ зарласан юм.
Калифорниа бол бензиний үнэ галлон тутамд 5 ам.доллараас дээш хэвээр байгаа хоёрхон мужийн нэг юм. Саяхныг хүртэл жолооч нар 5 ам.доллараас дээш төлж байсан Вашингтон мужид одоо дундаж үнэ 4.83 ам.доллар болжээ.
Дунд хугацааны сонгуулийн дараа Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дайн “бодитоор дууссан” гэж улсаа тайвшруулж, мөргөлдөөн дахин хурцдах магадлал багатайг дурдсан. Тэрбээр олны дургүйцлийг төрүүлсэн энэ дайн Ардчилсан намын томоохон ялалтад нөлөөлснийг хүлээн зөвшөөрсөн юм.
Энэ нь зах зээлийг тайвшруулсан гэж GasBuddy-гийн нефтийн шинжилгээний албаны дарга Патрик Де Хаан үзэж байна. “Сонгогчдын зүгээс Трампад геополитикийн байдлыг сайжруулах дарамт нэмэгдсэн” гэж тэрбээр хэлжээ.
Сүүлийн долоо хоногуудад дайн эхэлснээс хойших аль ч үеэс илүү их нефть Ормузын хоолойгоор тээвэрлэгдэж, эрчим хүчний үнийн дарамтыг сааруулжээ. Гэвч бензиний үнэ “хэдэн сар дараалан нефтийн тээвэрлэлт бодитоор хэвийн явагдаж, хурцдал, халдлага гарахгүй байх эсвэл Ирантай хэлэлцээр байгуулахаас нааш дайны өмнөх түвшиндээ эргэж орохгүй” гэж Де Хаан үзэж байна.
Трамп өнгөрсөн Даваа гарагт Цагаан ордонд сэтгүүлчдэд хэлэхдээ, засаг захиргаа нь “энэ мөргөлдөөнийг дуусгах хандлага ажиглаж байна. Удахгүй дуусна гэж бодож байна” гэжээ.
Гэвч Ерөнхийлөгч өмнө нь ч мөргөлдөөн дуусахад ойрхон байна гэж олон удаа хэлж байсан бөгөөд яг хэзээ дуусах нь тодорхойгүй хэвээр байна.



