АНУ-ын гурав дахь нисэх онгоц тээгч хөлөг Ираны ойролцоо ирсэн гэнэ
Бараг есөн сар үргэлжилж буй мөргөлдөөнд энхийн хэлэлцээрийн ахиц алга ч Трамп Иран руу шинэ цохилт өгөхийг түр хойшлуулж байгаа гэж үзэж байна.

АНУ-ын USS Theodore Roosevelt нисэх онгоц тээгч хөлөг Ойрх Дорнодод ирсэн гэх мэдээлэл гарчээ. Ерөнхийлөгч Дональд Трамп Иран руу дахин томоохон довтолгоо эхлүүлэх магадлалыг олон нийтэд бага гэж үзэж буйгаа илэрхийлж байгаа ч уг хөлөг ирснээр Ираны ойролцоох АНУ-ын цэргийн хүч улам нэмэгдэж байна.
Хөлөг Ням гарагт бүс нутагт орсныг нэрээ нууцалсан АНУ-ын албаны хүмүүс хэд хэдэн хэвлэлд мэдэгджээ. Пентагон асуултыг Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн бүх ажиллагааг хариуцдаг Төв командлал (CENTCOM) руу шилжүүлсэн байна.
USS George H.W. Bush, USS George Washington хөлгүүд дээр байршсан олон мянган цэрэгтэй гурав дахь нисэх онгоц тээгч хөлөг нэгдэж, Ираны ойролцоох АНУ-ын хүчийг бэхжүүлж байна.
Израильд төвтэй Үндэсний аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн шинжээчдийн мэдээлснээр, Ойрх Дорнодод нийт 13 эсминец, нэг крейсер байрлаж байна.
Ийм их хүч байршуулсан ч бараг есөн сар үргэлжилж буй мөргөлдөөн шийдэгдээгүй, энхийн хэлэлцээрт ахиц гараагүй байгаа энэ үед Трамп Иран руу шинэ довтолгоо эхлүүлэхээс түр татгалзаж байгаа гэж үздэг.
Дайн болон түүнээс үүдэлтэй түлшний өндөр үнэ энэ сарын эхээр болсон дунд хугацааны сонгуульд Бүгд найрамдах нам хүнд ялагдаж, Конгрессын хяналт Ардчилсан намд буцаж шилжихэд наад зах нь хэсэгчлэн нөлөөлснийг засаг захиргаа хүлээн зөвшөөрсөн юм.
Трамп өнгөрсөн долоо хоногт Ойрх Дорнодын бусад орны хүсэлтээр мөргөлдөөнийг “арай илүү соёлтойгоор” шийдвэрлэхийг зорьж байгаагаа олон нийтэд хэлжээ. Эдийн засгийн хориг, тэнгисийн бүслэлт Иранд дарамт үзүүлж байгаа энэ үед АНУ цэргийн цохилт өгөх шаардлагагүй гэж Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Мягмар гарагт мэдэгджээ.
Үүний зэрэгцээ АНУ-ын цэргийн “шууд удирдамжаар” Ормузын хоолойгоор дамжин өнгөрч байсан хоёр танкер мина дайрсан гэж Ираны Исламын хувьсгалын харуулын корпусын (IRGC) тэнгисийн хүчин Даваа гарагт мэдэгдэв.
АНУ тэргүүтэй халдлага эхэлсэн хоёрдугаар сарын эхний өдрүүдээс хойш Иран хоолойг бодитоор хаасан байна. Дайны өмнө дэлхийн далайгаар тээвэрлэдэг нефть, хийн тавны нэг орчим нь энэ нарийн усан замаар дамждаг байв.
CENTCOM-ын Бямба гарагт мэдээлснээр, АНУ-ын хамгаалалтад Ормузын хоолойгоор 1.7 тэрбум гаруй баррель түүхий нефть тээвэрлэжээ.
Их Британийн цэргийн дэмжлэгтэй Тэнгисийн худалдааны ажиллагааны төв (UKMTO) Даваа гарагт “үл мэдэгдэх сумаар онуулсан” танкерын багийн гишүүнээс мэдээлэл хүлээн авснаа мэдэгдэв. Мэдээлэгдсэн халдлагын улмаас хөдөлгүүрийн өрөөнд гал гарсан ч хүн гэмтэж бэртсэн тухай мэдээлэл ирээгүй гэж тус төв мэдэгджээ.
Арваннэгдүгээр сарын 13-нд Ираны арми Бахрейн дахь АНУ-ын эрт сэрэмжлүүлэх радарын системд халдсан гэж мэдэгдсэн. АНУ-ын арми Бахрейн рүү хөөргөсөн Ираны нисгэгчгүй онгоцуудыг хүний гэмтэл, эвдрэлгүйгээр сөнөөсөн гэжээ. Хоёр хоногийн дараа Иран Бахрейны нисдэг тэрэгний баазад байрлах Америкийн агаарын довтолгооноос хамгаалах радарыг онилсон гэж мэдэгджээ.
АНУ-ын Тэнгисийн цэргийн удирдлага энэ сарын эхээр Bush хөлгийн далайчдын гэр бүлийнхэнд байршуулалтыг сунгасан тул баярын үеэр гэртээ ирэхгүй гэж мэдэгдсэн гэнэ. Хөлөг нэг жил хүртэл хугацаагаар явж магадгүй гэж тэдэнд хэлснийг MSNOW мэдээлжээ. Bush гуравдугаар сарын 31-нд Виржиниа мужийн Норфолкоос гарсан юм.
Гуравдугаар сард Өмнөд Африк дахь Ираны элчин сайдын яам USS Spruance эсминец дээр байсан АНУ-ын Тэнгисийн цэргийн хоёр офицерыг нэрлэж, тэднийг дайны эхний өдөр Ираны өмнөд хэсэгт орших Минаб хотын сургуулийг пуужингаар цохисон гэж буруутгасан юм.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, хоёрдугаар сарын 28-нд Хормозган мужийн сургуульд Tomahawk пуужин унаж, ихэнх нь хүүхэд байсан дор хаяж 156 хүн амиа алджээ.
НҮБ-ын Иран дахь Олон улсын хараат бус баримт тогтоох төлөөлөгчийн газрын шинжээчид есдүгээр сард мэдэгдэхдээ, уг сургууль IRGC-ийн ашигладаг барилгуудаас ердөө 72 метрийн зайд байсан ч “халдлагаас өмнө бага сургуулийн үйл ажиллагаа явуулж байсныг тодорхой нотлох баримт байна” гэжээ. Тэд “Минаб дахь бага сургуульд халдлагыг АНУ үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй” гэжээ.
АНУ энэ хэргийг шалгаж байгаагаа мэдэгдсэн байна. Ираны элчин сайдын яам өнгөрсөн долоо хоногт гуравдугаар сарын нийтлэлээ дахин нийтэлж, “Бид та нарыг олно” гэж нэмж бичжээ. Ираны элчин сайдын яамны нэрлэсэн АНУ-ын хоёр цэргийн алба хаагч Минабын халдлагад оролцсоныг нотлох баримт олон нийтэд ил болоогүй байна.



