Эдийн засаг

АНУ-ын инфляцийн тайлан гарсны дараа Уолл-стрит уналттай хаагджээ

Инфляци таамаглалаас өндөр гарсан тул ФРС 12 дугаар сард бодлогын хүүг нэмнэ гэж зах зээл бүрэн итгэж эхэлжээ.

Интерфакс2 мин унших

Зураг: Интерфакс

АНУ-ын Хөдөлмөрийн яамны инфляцийн тайлан гарсны дараа Холбооны нөөцийн сан (ФРС) мөнгөний бодлогоо чангатгана гэх хүлээлт хүчтэй болж, Уолл-стритийн гол индексүүд Мягмар гарагт уналттай хаагджээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.

АНУ-ын хэрэглээний үнийн индекс 10 дугаар сард өмнөх сараасаа 0.4 хувиар өсч, шинжээчдийн таамаглаж байсан 0.3 хувиас давсан байна. 9 дүгээр сард үнэ 0.6 хувиар өсч байжээ. Суурь инфляци өмнөх сарын адил 0.3 хувьд хүрч, зах зээлийн 0.2 хувийн таамаглалаас мөн давсан юм.

ФРС-ын удирдах зөвлөлийн гишүүн Кристофер Уоллер тайлан гарахаас өмнө ФРС 12 дугаар сард бодлогын хүүг 25 нэгж хувиар нэмэх хэрэгтэй гэж мэдэгджээ. Хэрэв суурь инфляци сард 0.3 хувь буюу түүнээс дээш гарвал хүүг 50 нэгж хувиар нэмэх талаар бодох хэрэгтэй гэж тэрбээр үзсэн байна.

“ФРС 12 дугаар сард бодлогын хүүг нэмэх магадлал маш өндөр харагдаж байна” гэж Блэкрок компанийн Рик Ридер хэлжээ. Тэрбээр гол асуудал нь хүүг 25 эсвэл 50 нэгж хувиар нэмэхэд байгаа гэж үзэж байна.

Голдман Сакс Эссет Менежмент компанийн Линдси Рознер 12 дугаар сард хүү нэмэх нь тэдний үндсэн хувилбар бөгөөд инфляци тогтвортой байвал 2027 онд дахин нэмэхийг үгүйсгэхгүй гэжээ. Пасифик Инвестмент Менежмент компанийн Тиффани Уайлдинг инфляци өндөр түвшинд тогтох эрсдэл нь 1 болон 3 дугаар сарын хуралдаанаар ч хүү нэмэх үндэслэлийг бэхжүүлнэ гэж үзжээ.

СиЭмИ ФедВотч-ийн мэдээгээр, ФРС 12 дугаар сард хүүгээ нэмэх магадлалыг зах зээл одоо 100 хувь гэж үнэлж байгаа нь долоо хоногийн өмнөх 84 хувиас өндөр юм. Хүүг 25 нэгж хувиар нэмэх магадлал 88.5 хувь, 50 нэгж хувиар нэмэх магадлал 11.5 хувь байна.

Доу Жонс индексийн бүрэлдэхүүнд Нвидиа компанийн хувьцаа хамгийн их буюу 5.5 хувиар унаж, сүүлийн хоёр арилжааны өдөр нийт 9.6 хувиар хямдарчээ. Гүйцэтгэх захирал Дженсен Хуан хятадын тагнуулч байж болзошгүй эмэгтэйтэй холбоотой эсэхийг шалгаж эхэлсэн нь үүнд нөлөөлсөн байна. Зэ Информэйшн хэвлэлийн мэдээлснээр, энэ харилцаа дор хаяж 7.5 тэрбум ам.долларын чипийг хятадын компаниудаар дамжуулан нийлүүлэхэд нөлөөлжээ.

Арилжааны төгсгөлд Доу Жонс Индастриал Эвэрэйж индекс 0.3 хувиар буурч 52231.89 пунктэд, Стандард энд Пүүрс 500 индекс 0.38 хувиар буурч 7520.93 пунктэд, Насдак Композит индекс 0.74 хувиар буурч 25065.87 пунктэд хаагджээ.

Бусад мэдээ