АСЕАН-ы тусгай элчийн Мьянмарт хийсэн хүмүүнлэгийн айлчлал холимог хандлага төрүүлжээ
Мьянмарын цэргийн удирдлага АСЕАН-д бүрэн эрхтэй оролцоогоо сэргээхийг эрмэлзэж байна.

Филиппиний Гадаад хэргийн сайд, АСЕАН-ы Мьянмар дахь тусгай элч Мария Тереза Лазарогийн удирдсан хүмүүнлэгийн айлчлал зарим ажиглагчийн дэмжлэг, заримынх нь шүүмжлэлийг дагуулсныг Си Эн Эй сайт мэдээлжээ.
Лазаро аравдугаар сарын 28-29-нд Мьянмарт айлчилж, Кайин, хойд болон өмнөд Шан мужид мөргөлдөөнд өртсөн 11 мянга гаруй өрхөд будаа, ариун цэврийн хэрэгсэл тараах сарын турш үргэлжлэх ажиллагааг эхлүүлсэн байна. Тэрбээр мөн цэргийн дэмжлэгтэй удирдлагатай уулзжээ.
«Тэд урьд нь нэвтэрч чадаагүй газруудад орж чадсан нь маш чухал» гэж ИСИАС-Юсоф Исхак хүрээлэнгийн АСЕАН судлалын төвийн ахлах судлаач Жоанна Линь хэлжээ.
Харин Янгон дахь Тампадипа хүрээлэнгийн захирал Кхин Зо Вин 11 мянган өрх ч цөөн, энэ нь бэлгэдлийн шинжтэй алхам гэж үзсэн. Жакартад төвтэй нэгэн төрийн бус байгууллагын гишүүн Гугун Мухаммад айлчлал хуурамч сонгуулиар гарсан засгийн газрыг хуульчлах эрсдэлтэй гэж анхааруулсан байна.
Индонезийн Янгон дахь элчин сайдын яамны түр хэрэг хариуцагч Нован Салех тусламж хүргэх нь Мьянмарын цэргийн дэмжлэгтэй засгийн газрыг улс төрийн хувьд хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш гэж онцолжээ.
НҮБ-ын мэдээллээр, 2021 оны хоёрдугаар сарын төрийн эргэлтээс хойш энэ оны аравдугаар сар хүртэл Мьянмарт 100 мянга гаруй хүн амь үрэгджээ. АСЕАН-ы удирдагчдын дээд хэмжээний уулзалт арваннэгдүгээр сарын 15-17-нд Манилад болно.



/file/attachments/orphans/nigeria-sa-carynMAIN_103569.jpg)