Австри ЕХ-ны 2028-2034 оны төсөвт хориг тавина гэж сүрдүүлэв
Австрийн канцлер Кристиан Штокер төсвийн төслийг танахгүй бол хориг тавина гэж мэдэгдсэн нь гишүүн орнуудын дунд үүнийг ил сүрдүүлсэн анхны тохиолдол болов.

Интерфакс агентлаг Рапортёр хэвлэлийг иш татан мэдээлснээр, Австрийн канцлер Кристиан Штокер Европын холбооны 2028-2034 оны төсвийн төсөлд тусгасан зардлыг Вена хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд танахгүй бол хориг тавина гэж мэдэгджээ. Хэвлэлийн тэмдэглэснээр, ЕХ-ны 27 гишүүн орон бүгд санал нэгтэй батлах ёстой энэхүү санхүүгийн төлөвлөгөөнд үндэсний хоригоо ашиглана гэж сүрдүүлсэн анхны төрийн тэргүүн нь Штокер болжээ. Канцлерийн хэлснээр, Австрийн хувьд даван гарахыг зөвшөөрөхгүй “улаан шугам” байгаа аж.
Штокер холбооны төсөвт авснаасаа илүү мөнгө оруулдаг цэвэр донор орнууд ашиггүй хэлцэлд зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Тэрбээр Ди Вельт сонинд өгсөн ярилцлагадаа буулт хийх шаардлагатайг хүлээн зөвшөөрсөн ч ямар ч үнээр хамаагүй биш гэжээ. Брюссель 2026 оны эцэс гэхэд тохиролцоонд хүрэхийг уриалж байгаа ч цэвэр донор орнуудад яаран гэрээ байгуулах шаардлага огт байхгүй гэж канцлер үзэж байна.
Хэмнэлттэй орнууд гэж нэрлэгддэг зургаан гишүүн орны бүлэгт багтдаг Австри нийт хэмжээ нь бараг 2 их наяд евро болох Европын комиссын санал болгосон 2028-2034 оны төсвийн төслийг хэдэн зуун тэрбум евроор танахыг шаардаж байна. Тэдний эсрэг талд эв нэгдлийн бодлогын найзууд гэж нэрлэгддэг 17 улс байгаа бөгөөд тэд төсвийн нийт хэмжээг багасгахыг эсэргүүцэж, хөдөө аж ахуй, эв нэгдлийн бодлого зэрэг уламжлалт чиглэлийн санхүүжилтийг хадгалахыг шаардаж байна.
Хэмнэлттэй орнуудын бүлэг ЕХ-ны Зөвлөлийг даргалж буй Ирландын санал болгосон нийт 1.83 их наяд еврогийн зардалтай буулт хийх хувилбарыг хүлээн аваагүй юм. Энэ нь Европын комиссын анх санал болгосноос 159 тэрбум евроор бага байв.
Европын зөвлөлийн дарга Антониу Кошта хэлэлцээрийг өөрөө удирдаж, гишүүн орнуудын нийслэлүүдийн хооронд аль болох хурдан тохиролцоонд хүрэхийг зорьж байна. Рапортёрын бичсэнээр, ирээдүйн урт хугацааны төсвийн нийт хэмжээ, зардлын чиглэл хооронд хөрөнгийг хэрхэн хуваарилах, мөнгийг хаанаас олох нь одоо хүртэл шийдэгдээгүй байна. Кошта төсөвт зориулсан Брюссельд 11 дүгээр сарын 26, 27-нд болох ээлжит бус дээд хэмжээний уулзалтын өмнө буулт хийх шинэ хувилбар буюу хэлэлцээрийн багцыг танилцуулна гэж хүлээгдэж байна.



