Багамын арлуудад далайн урсгалд автсан хөвгүүдээ аврах гэсэн британи эмэгтэй нас барлаа
Ноттингемшир мужаас гаралтай гэх эмэгтэй хүүхдүүдээ аврахаар оролдох үедээ өөрөө урсгалд автсан бөгөөд хөвгүүдийг нь хожим уснаас аварчээ.

BBC-гийн мэдээлж буйгаар, Багамын арлуудад маск, хоолойтой шумбаж байхдаа урсгалд автсан хоёр хүүгээ аврахыг оролдсон эмэгтэй нас баржээ. Багамын Хатан хааны цагдаагийн алба Бимини арлын офицерууд Мягмар гарагт 36 настай британи эмэгтэй гэнэт нас барсан хэргээр мөрдөн шалгалт эхлүүлснийг мэдэгдэв.
Цагдаагийн хэлснээр, Ноттингемширийн Стэплфордоос гаралтай гэх эмэгтэй нөхөр, хоёр хүүгийн хамт арлын өмнөд хошууны ойролцоо шумбаж байх үед хүчтэй урсгал хоёр хүүхдийг урсгасан гэх. Хөвгүүдээ аврахаар оролдох үед эмэгтэй мөн урсгалд автсан бөгөөд хүүхдүүдийг дараа нь уснаас аварсан.
Цагдаагийн урьдчилсан тайланд дурдсанаар, өглөөний 10 цагийн дараахан Алис Таун дахь цагдаагийн хэсэгт Хойд Биминийн гатлага онгоцны зогсоол дээр эмэгтэй ухаангүй байна гэсэн мэдээлэл иржээ. Түүнийг уснаас гаргаж зогсоол руу авчирсны дараа сэхээн амьдруулах арга хэмжээ авсан гэх бөгөөд орон нутгийн эмнэлэгт хүргэсэн ч эмч нас барсныг тогтоосон. Цагдаа гэмт хэргийн шинжтэй зүйл сэжиглэхгүй байгаа бөгөөд нас барсан шалтгааныг тогтоохын тулд задлан шинжилгээ хийнэ.
Их Британийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч “Бидний сэтгэл Багамын арлуудад нас барсан британи эмэгтэйн гэр бүлийнхэнтэй хамт байна” гэж мэдэгдээд, яам орон нутгийн эрх баригчидтай холбоотой ажиллаж, гэр бүлд нь тусламж үзүүлж байгааг дурдав.



