BTS хамтлаг Kids' Choice Awards-д нэр дэвшсэн бүх төрөлдөө шагнал хүртэж, хамтлагийн төрөлд дээд амжилтаа ахиулав
BLACKPINK-ийн Розэ хамгийн дуртай эмэгтэй уран бүтээлчийн шагнал хүртсэн анхны K-pop од боллоо.

Солонгосын K-pop хамтлаг BTS 2026 оны Nickelodeon Kids' Choice Awards шагнал гардуулах ёслолд нэр дэвшсэн бүх төрөлдөө шагнал хүртжээ. Хамтлагийн төрөлд тав дахь удаагаа түрүүлсэн BTS өөрийн тогтоосон дээд амжилтаа ахиуллаа.
Долоон гишүүнтэй хамтлаг Лос-Анжелес хотын Television City-д бямба гарагт (орон нутгийн цагаар) болсон ёслолоос хамгийн дуртай хөгжмийн хамтлаг, дуэтийн шагнал авчээ. Мөн тав дахь студийн цомог “ARIRANG” нь хамгийн дуртай цомгоор, цомгийн гол дуу “SWIM” хамгийн дуртай дуугаар шалгарсан байна.
АНУ-ын хүүхдийн Nickelodeon телевизийн зохион байгуулдаг энэ ёслол хөгжим, телевиз, киноны од, бүтээлүүдийг шагнадаг бөгөөд ялагчдыг шүтэн бишрэгчдийн санал хураалтаар тодруулдаг.
BTS 2020–2023 онд дөрвөн жил дараалан хамтлагийн төрөлд түрүүлсэн нь энэ төрөлд хамгийн олон удаа түрүүлсэн амжилт хэмээн Гиннесийн дээд амжилтын байгууллагад бүртгэгджээ.
BLACKPINK хамтлагийн хоёр гишүүн ч шагнал авлаа. Розэ Тейлор Свифт, Сабрина Карпентер, Ариана Гранде нартай өрсөлдөж, хамгийн дуртай эмэгтэй уран бүтээлчийн шагнал хүртсэн анхны K-pop од болжээ. Хамтлагийн гишүүн Жэнни Австралийн Tame Impala хамтлагтай хамтарсан “Dracula” дуугаараа хамгийн дуртай хамтарсан бүтээлийн шагналыг хуваалцав.
HYBE, Geffen Records компаниудын байгуулсан олон улсын KATSEYE охидын хамтлаг хамгийн дуртай шинэ эмэгтэй уран бүтээлч, хамтлагаар шалгарчээ.
Netflix-ийн их амжилт олсон “KPop Demon Hunters” хүүхэлдэйн кино ч шагналынхаа тоог нэмэв. Жину, Руми дүрийн дуу хоолойг оруулсан Ан Хё Соп, Арден Чо нар киноны хүүхэлдэйн дүрийн хамгийн дуртай эрэгтэй, эмэгтэй дуу хоолойн шагналыг тус тус хүртлээ. Харин киноны “Golden” дуу кинонд орсон хамгийн дуртай дуугаар шалгарчээ.
2025 оны зургаадугаар сард нээлтээ хийсэн энэ кино гуравдугаар сард Оскарын шилдэг хүүхэлдэйн киноны шагнал хүртсэн бол “Golden” дуу нь шилдэг эх дууны шагнал авсан юм.



