Дэлхийн нэр хүндтэй Фриз урлагийн үзэсгэлэн Ойрхи Дорнодод анх удаа Абу Дабид нээгдэнэ
Үзэсгэлэн бүс нутгийн уран бүтээлчид, галерейг дэлхийд таниулж, олон улсын цуглуулагчдыг татна гэж зохион байгуулагчид найдаж байна.

Лондонд эхэлж, Нью-Йорк, Лос-Анжелес, Сөүлд үзэсгэлэн гаргадаг Фриз урлагийн үзэсгэлэн 11 дүгээр сарын 19-нд Абу Дабид нээгдэж, Ойрхи Дорнодод анх удаа хөл тавихыг Нэшнл сонин мэдээлжээ.
Тус үзэсгэлэн 17 жилийн турш жил бүрийн 11 дүгээр сард галерей, цуглуулагчдыг хотод цуглуулж ирсэн Абу Даби Арт үзэсгэлэнгийн суурин дээр байгуулагдаж байна. Абу Даби Артыг удирдаж байсан Дьяла Нусейбе шинэ үзэсгэлэнгийн захирлаар үлдэх юм.
Фризийн гүйцэтгэх захирал Саймон Фокс олон жил Ойрхи Дорнодын үзэсгэлэнгүүдээр явж, тохиромжтой боломж хүлээж байсан бөгөөд эцэст нь Абу Дабигийн Соёл, аялал жуулчлалын газартай хамтрахаар шийдсэн гэж ярьжээ.
Зайед үндэсний музей болон Абу Дабигийн байгалийн түүхийн музей 2025 оны сүүлээр Саадият арал дээр Лувр Абу Дабигийн хажууд нээгдсэн. Гуггенхайм Абу Даби музей 12 дугаар сарын 11-нд нээгдэх юм.
«Музейн худалдан авалт амт таашаал, үнэ цэнэ, зах зээлийг тодорхойлоход асар их үүрэг гүйцэтгэдэг» гэж Фокс хэлжээ.
Үзэсгэлэнд Гагосиан, Пэйс зэрэг олон улсын болон Арабын Нэгдсэн Эмират Улсын галерейнууд оролцох аж. Нийт 89 үзэсгэлэн гаргагч оролцох нь өнгөрсөн жилийн Абу Даби Артын 142 галерейгаас цөөн бөгөөд Нусейбе цар хүрээг санаатайгаар багасгасан гэж тайлбарласан байна.
Энэ сарын эхээр Кристис дуудлага худалдааны ордон Абу Дабид анхны урлагийн дуудлага худалдаагаа зохион байгуулахад бүртгүүлэгчдийн 30 гаруй хувь нь залуу үеийнхэн байжээ.
Фриз Абу Даби үзэсгэлэн Манарат Аль Саадият төвд 11 дүгээр сарын 19-22-ны хооронд болох бөгөөд эхний өдөр нь зөвхөн урилгаар орно.



