Дэлхийн тодорхойгүй байдлын үед Өмнөд Солонгос, Япон хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх ёстой гэж Японы элчин сайд хэлэв
Сөүлд болсон форумд элчин сайд хоёр улсын удирдагчдын тогтмол ээлжит дипломат харилцааг хамтын ажиллагааны тулгуур гэж онцолжээ.

Японаас Өмнөд Солонгост суугаа Элчин сайд Коичи Мизүшима дотоод, гадаадын тодорхойгүй байдал нэмэгдэж буй энэ үед уян хатан, нээлттэй эдийн засаг бүтээхийн тулд Сөүл, Токио эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг 11 дүгээр сарын 3-нд буюу Мягмар гарагт уриалжээ. Энэ тухай Ёнхап агентлаг мэдээлэв.
«Япон, Өмнөд Солонгос хүчирхэг, уян хатан, нээлттэй эдийн засгийг бүтээхийн тулд түншүүдийн хувиар хамтран ажиллах нь урьд өмнөхөөс илүү чухал болж байна» гэж Мизүшима Ёнхап агентлагаас Сөүлд зохион байгуулсан 2026 оны Ирээдүйн эдийн засгийн форумд хэлжээ.
Худалдааны хамгаалалтын бодлого гүнзгийрч, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ дахин бүрэлдэж, дэвшилтэт технологийн өрсөлдөөн ширүүсч буй нь тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байна гэж тэрбээр тайлбарласан байна.
Хоёр улсын засгийн газар удирдагчдын ээлжит дипломат харилцаанд түшиглэн нягт холбоотой ажиллаж, олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн гэж Мизүшима хэлсэн байна.
Хуваагдлын энэ эрин үед харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагаа хоёр улсын эрх ашигт нийцээд зогсохгүй, Энэтхэг, Номхон далайн бүс болон дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулна гэж тэрбээр үзэж байгаагаа илэрхийлжээ.
5 дугаар сард болсон дээд хэмжээний уулзалтаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён, Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи чухал ашигт малтмал зэрэг нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагаа явуулах, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхээр тохирсон юм.
Гурав дахь жилдээ болж буй жил бүрийн энэхүү форум хоёр орны улс төр, бизнес, шинжлэх ухааны төлөөллийг цуглуулж, эдийн засгийн холбоог ойртуулах арга замыг хэлэлцдэг юм.



