Дисней зардлаа хэмнэхийн тулд олон мянган ажилтнаа цомхотгохоор төлөвлөж байна
Телевизийн орлого буурч буй энэ үед Диснейн өрсөлдөгчид ч ажлын байраа цомхотгож байна.
Уолт Дисней олон мянган ажилтнаа цомхотгохоор төлөвлөж байна гэж Медуза сайт Блүүмберг агентлагийн эх сурвалжийг иш татан мэдээлэв.
Удирдлага жилийн зардлыг 20 хувиар бууруулах зорилт менежерүүдэд тавьжээ. Цомхотгол голчлон Диснейн телевиз, киностуди, тематик паркт хүрэх бөгөөд бусад зардлыг ч танах боловч алийг нь гэдгийг тодруулаагүй байна.
Гүйцэтгэх захирал Жош Д'Амаро хэмнэлтийн нэг хэсгийг кино, телевизийн контент, тематик парк, круизийн бизнесийг хөгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байна.
Сүүлийн жилүүдэд Дисней олон тэрбум ам.долларын зардал хэмнэж, олон мянган ажлын байр татан буулгасан юм. Энэ нь Эй Би Си, И Эс Пи Эн телевиз, Пиксар, Диснейн киностуди зэрэг бүх хэлтэст хүрсэн байна.
Өнгөрсөн санхүүгийн жилийн эцсийн байдлаар Дисней 231 мянга орчим хүн ажиллуулж байв.
Блүүмбергийн тэмдэглэснээр, уламжлалт телевизийн орлого буурч, стриминг үйлчилгээний захиалагчийн өсөлт удааширч буй энэ үед Нетфликс, Сони Пикчерс, Парамаунт, Уорнер Брос компанийн хэлтсүүд ч ажлын байр цомхотгож байна.


