Дэлхий

Их Британид хэдэн зууны өмнө илбэчин хэмээн цаазлуулсан эмэгтэйчүүдийг цагаатгах хөдөлгөөн өрнөж байна

Америкийн Салемд хилс хэрэгт буруутгагдсан бүх «шулам» цагаатгагдсан ч Их Британид нэг ч эмэгтэй цагаатгагдаагүй хэвээр байна.

CBS News2 мин унших

Зураг: CBS News

Лондонгийн ойролцоох Мэйдстоун хотын зөвлөлийнхөн 400 орчим жилийн өмнө илбэчин хэмээн цаазлуулсан эмэгтэйчүүдийг албан ёсоор өршөөлгүүлэхээр хөөцөлдөж байна гэж Си Би Эс Ньюс мэдээлжээ.

Түүхэн баримтаас үзэхэд Мэйдстоун хотод илбэчин хэмээн ял шийтгүүлсэн 20 гаруй эмэгтэйг дүүжлэн цаазалжээ. Англид илбэчдийг мөрдөн хавчих явдал 1600-аад онд оргилдоо хүрсэн бөгөөд Англи, Шотландад нийт 5,000 орчим эмэгтэйг дүүжлэх юм уу шатаах замаар цаазалсан байна.

«Тэд ихэвчлэн гэрлээгүй эмэгтэйчүүд, бэлэвсэн эхнэрүүд байсан бөгөөд тэднийг өмгөөлөх эр хүн ихэнхдээ байгаагүй» гэж Мэйдстоун дүүргийн зөвлөлийн гишүүн Клэр Кехили ярьжээ.

Кехили болон бусад зөвлөлийн гишүүд Их Британийн засгийн газарт лобби хийж, Мэйдстоунд ял шийтгүүлсэн бүх илбэчинд албан ёсны өршөөл үзүүлэхийг Гуравдугаар Чарльз хаанаас хүсэх өргөдөл гаргахаар төлөвлөж байна.

«Энэ нь шүүхийн алдаа байсан учраас чухал юм. Тэдний буруутгагдсан гэмт хэргийг тэд үйлдэх боломжгүй байсан» гэж Кехили хэлэв.

Америкийн хамгийн алдартай илбэчдийн шүүх хурал 1690-ээд онд Массачусетс мужийн Салем хотод болсон юм. Түүний дурсамжийг 1950-иад онд сенатор Жозеф Маккартигийн удирдсан улс төрийн хавчлагын үлгэр болгон Артур Миллерийн бичсэн «Хатуу сорилт» жүжиг сэргээжээ. Салемд хилс хэрэгт буруутгагдсан бүх хүн дараа нь цагаатгагдсан байна.

Мэйдстоуны музейн цуглуулгын менежер Саманта Харрис 1652 онд тус хотод болсон илбэчний шүүх хурлын албан ёсны тэмдэглэлийг үзүүлжээ. Түүний хэлснээр байгалийн гамшиг, өвчин, гахай, үхэр үхэх зэрэг явдлыг ихэвчлэн эдгээр эмэгтэйчүүдээр тохоож байжээ.

Харрисийн үзэж байгаагаар ганц бие, бие даасан байх нь тухайн үед заналхийлэл мэт харагддаг байсан бөгөөд эмэгтэйчүүдийг цагаатгах нь түүний хувьд хувийн ач холбогдолтой юм.

Бусад мэдээ