Дэлхий

Их Британид үр хөндөлтийн хэргээр шийтгүүлсэн эмэгтэйчүүдэд автоматаар өршөөл үзүүлэх боллоо

Өршөөл хэдэн эмэгтэйд хамаарахыг засгийн газар зарлаагүй. Цагдаа өмнөх таван жилд 100 гаруй эмэгтэйг хууль бус үр хөндөлтөд сэжиглэн шалгаж байсныг нэмэлт өөрчлөлтийг санаачилсан гишүүн онцолжээ.

CBS News3 мин унших

Зураг: CBS News

Их Британид хууль бусаар үр хөндүүлсэн хэргээр Викторийн үеийн хуулиар ял шийтгүүлсэн эмэгтэйчүүд Даваа гарагт автоматаар өршөөл авна гэж засгийн газар мэдэгдэв.

Энэ нь өнгөрсөн жил парламентад болсон түүхэн санал хураалтын дараах алхам юм. Тэр санал хураалтаар 1861 оны Хүний эсрэг гэмт хэргийн тухай хуулийн нэг хэсгийг хүчингүй болгож, үр хөндөлтийг гэмт хэрэгт тооцохоо больсон.

Цагдаагаас сануулга авсан эмэгтэйчүүдэд мөн өршөөл үзүүлнэ. Өөрийн жирэмслэлтийг тасалсан хэргээр баривчлагдсан, шалгагдсан эмэгтэйчүүдийн мэдээллийг гэмт хэргийн бүртгэлээс хасна. Тэд өршөөл хүсэх шаардлагагүй. Заримд нь өршөөлийг нас барсных нь дараа олгоно.

Өршөөл хэдэн эмэгтэйд хамаарахыг засгийн газар дурдаагүй. Үр хөндөлтийг гэмт хэрэгт тооцохоо болих нэмэлт өөрчлөлтийг Хөдөлмөрийн намын парламентын гишүүн Тониа Антониацци санаачилсан юм. Түүний хэлснээр, өнгөрсөн жилийн санал хураалтаас өмнөх таван жилд цагдаа хууль бус үр хөндөлтөд сэжиглэгдсэн 100 гаруй эмэгтэйг шалгажээ.

Тэдний дунд байгалийн жамаар зулбасан, амьгүй хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд ч байжээ.

Хууль бусаар үр хөндүүлсэн гэж сэжиглэгдсэн эмэгтэйчүүдийг асран халамжлах ёстой байтал “эмнэлгийн орноос нь цагдаагийн саатуулах өрөө рүү чирч” байцаадаг байсныг Антониацци ярьжээ.

“Энэ нь шархыг арилгаж чадахгүй ч эдгээр эмэгтэйчүүдийн туулсан зовлонг бага ч болов хөнгөлж, тэдэнд нийгэмд дахин бүрэн оролцож, амьдралаа дүүрэн туулж, үргэлж хүсч байсан ажлаа хийх боломж олгоно гэж найдаж байна” гэж тэрбээр хэлэв.

Одоогийн хуулиар Англи, Шотланд, Уэльст эмч нар жирэмсний 24 долоо хоног хүртэл, эхийн амь насанд аюул учирсан зэрэг онцгой нөхцөлд түүнээс хойш ч хууль ёсоор үр хөндөх боломжтой. Хойд Ирландад 2019 онд үр хөндөлтийг гэмт хэрэгт тооцохоо больсон юм.

Энэ хавар хүчин төгөлдөр болсон Гэмт хэрэг, цагдаагийн тухай хуулиар жирэмсний аль ч үед үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийг эрүүгийн хариуцлагад татахгүй болжээ. Үр хөндөлтийн эсрэг бүлгүүд энэ арга хэмжээ нь жирэмсний аль ч үед хүсэлтээр үр хөндүүлэх замыг нээнэ гэж эсэргүүцэж байв.

“Ямар ч өршөөл эдгээр эмэгтэйчүүдийн туулсан зовлон, сэтгэлийн шархыг арилгаж чадахгүй ч хуулийн энэхүү түүхэн өөрчлөлт нь тэднийг гэмт хэрэгтнээр тооцсоноос учирсан гүн хохирлыг хүлээн зөвшөөрч, шударга ёсны төлөөх утга учиртай алхам болж байна” гэж Жирэмслэлтийн асуудлаарх Британийн зөвлөх үйлчилгээний Хайди Стюарт хэлснийг BBC News мэдээлжээ.

Хуулийг олны анхаарлыг татсан хэд хэдэн хэргийн дараа өөрчилсөн юм. Тэдгээрийн нэг болох гурван хүүхдийн эхийг шоронд хорьсон явдал үр хөндөлтийн эрхийг дэмжигчдийн эсэргүүцлийг өдөөж байв.

Карла Фостер найман сар орчим жирэмсэн байхдаа эмээр үр хөндүүлсэн хэргээр 2023 онд хоёр жил гаруй хорих ял авчээ. Давж заалдах шүүх нэг сарын дараа түүнийг суллаж, энэ хэрэг “шийтгэл биш, энэрэл” шаардаж байна гэж үзжээ.

Өөр нэг эмэгтэй Никола Пакер зулбуулах зорилгоор хор буюу хортой бодис хууль бусаар өөртөө хэрэглэсэн хэргээр яллагдаж байсан ч цагаатгагджээ. Пакер жирэмсний 26 долоо хоног орчим байхдаа үр хөндөх эм уужээ. Тэрбээр хууль ёсны хязгаар болох 10 долоо хоногоос илүү жирэмсэн байснаа мэдээгүй гэж мэдүүлсэн юм.

Пакерын зөвшөөрлөөр түүний найз Хелле Тамбридж BBC News-д ярихдаа энэ явдал “туйлын сэтгэл гэмтээсэн” гэжээ. Хэргийг таван жил мөрдөн шалгасны эцэст шүүх Пакерыг буруугүй гэж үзсэн гэнэ.

“Мэдээж тэр үед хохирол аль хэдийн учирсан байсан. Тэр энэ сэтгэлийн шархтайгаа насан туршдаа амьдрах болно” гэж Тамбридж хэлжээ.

Бусад мэдээ