Индонезид есдүгээр сард түймрийн утааны улмаас 3,560 хүн нас барсан гэж судалгаа дүгнэжээ
Борнео, Суматра арлуудад агаарын бохирдолтой холбоотой нас баралтын дийлэнх нь түймрийн хорт утаанаас үүдсэн байна.

Индонезид есдүгээр сард ой, хээрийн түймрийн хорт утаанаас болж 3,560 хүн нас барсныг Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төвийн шинэ тайлан харуулжээ. Энэ тухай Аль Жазира мэдээлэв.
Хельсинкид төвтэй судалгааны төвийн пүрэв гарагт нийтэлсэн тайлангаар, агаарын бохирдолтой холбоотой нас баралт наймдугаар сарын 3,740-өөс есдүгээр сард 5,310 болж, 42 хувиар огцом өсчээ. Үүний 1,750 нь хот, үйлдвэрийн байнгын бохирдлоос үүдсэн байна.
Түймэрт хамгийн их нэрвэгдсэн Борнео арлын Калимантанд агаарын бохирдлын улмаас нас барсан хүмүүсийн 94-99 хувь, Суматрад 80 гаруй хувь нь түймрийн утаанаас болсон гэж тайланд дурджээ. Харин Ява аралд нас баралт голдуу хот, үйлдвэрийн эх үүсвэртэй холбоотой хэвээр байна.
Эрүүл мэндэд хортойгоос аюултай түвшний агаар амьсгалсан иргэдийн тоо есдүгээр сард 58 сая болж дээд амжилт тогтоожээ.
Зөвхөн Калимантанд л гэхэд сарын хамгийн хүнд өдрүүдэд аюултай түвшний агаар амьсгалсан хүний тоо 2.8 саяас 6.4 сая болж бараг гурав дахин өссөн байна.
Эль-Ниньогийн нөлөөгөөр хүчтэй ган гачиг болж, Индонезид сүйрлийн түймэр гарснаар ой мод устаж, хорт утаа Малайз, Сингапур, Филиппин, Зүүн Тимор зэрэг хөрш орнуудад ч тархжээ.
Засгийн газар түймрийн эсрэг арга хэмжээгээ шүүмжлүүлж байгаа ч лхагва гарагт өөрийгөө өмгөөлж, үүл үрслэх, түймэр унтраах ажилд 72,000 гаруй хүн гаргаж, хүнд нэрвэгдсэн бүсэд 2,100 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллуулж, 5.3 сая амны хаалт тарааснаа мэдэгджээ.



