Испанийн өдрийн тогтмол үнэтэй хоол menú del día өөрчлөгдөж буй хооллох зуршлыг даван туулж чадах уу?
Франкогийн дарангуйллын үед бий болсон үдийн хоолны уламжлал хумигдаж байгаа ч хоолны сэтгүүлч Лакшми Агирре түүнийг бүрмөсөн мөхөөгүй гэж үзэж байна.

The Guardian-ы мэдээлснээр, Испанид хагас зуу гаруй жилийн турш өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон menú del día буюу өдрийн тогтмол үнэтэй үдийн хоол ажлын өдөр бүр 4 сая порц худалдаалагдсаар байгаа ч улам бүр хумигдаж байна. Ажилчдыг самбар, цонхонд наасан цаасан цэсээр урьдаг энэ хоол нь эхний хоол, үндсэн хоол, амттан эсвэл кофе, мөн талх, ундааг багтаадаг.
Испанийн хамгийн нэртэй тогооч Ферран Адриа 2009 онд хооллох зуршил өөрчлөгдөж, эдийн засаг уналтад орж, бистро маягийн ресторанууд энгийн хоолонд 20-30 евро авах болсноос болж menú del día үхсэн гэж зарлаж байсан. Гэвч арван долоон жилийн дараа энэ онош арай эрт байжээ. Испанийн хоолны сэтгүүлч Лакшми Агирре шинэ номондоо уламжлалын түүх, хувьслыг өгүүлж, хүнд байдалд орсон ч бүрмөсөн мөхөөгүй гэж үзэж байна.
Агиррегийн номд дурдсанаар, энэ бүхэн 1960-аад оны дундуур Испанийн дарангуйлагч Франсиско Франкогийн мэдээлэл, аялал жуулчлалын сайд Мануэль Фрагагийн зохиосон жуулчны цэсээс эхэлжээ. Иргэний дайны дараах өлсгөлөнгийн жилүүдийн дараа дэглэм гадаадын жуулчдад хоол хүнс элбэг, чанартай, хямд гэдгийг харуулахыг хүссэн. Ингээд хоолны газрууд шөл, дор хаяж гурван сонголтоос сонгох өндөг, загас, махан үндсэн хоол, жимс, чихэрлэг зүйл эсвэл бяслагтай амттан санал болгох ёстой болсон.
Үнийг 50-250 песетагаар тогтоосон бөгөөд ресторан эзэд ундааг шингэлэхээс сэргийлж, дагалдах дөрөвний нэг литр дарс нь Испанийн цэвэр, амтлаг, 12-оос доошгүй хувийн спирттэй улаан, цагаан дарс байх ёстой гэж хуульд заажээ. 1970-аад оны эхээр цэсийг жуулчдыг татах, заримдаа мөлжих оролдлого мэт харагдуулахгүйн тулд нэрийг нь өөрчилж, жирийн испаничууд ч өөрсдийгөө тансаглуулж болно гэсэн санааг түгээсэн.
Өнөөдөр энэ хоол хаа сайгүй түгээмэл болсон тул олон испани хүн гарал үүслийг нь мэддэггүй. “Энэ бол бидний түүхийн нэг хэсэг, гэхдээ олон жилийн туршид Испанийн нийгмийн хувьслыг тусган өөрчлөгдсөөр ирсэн” гэж Агирре хэлэв. Түүний хэлснээр дарангуйлал шиг аймшигтай зүйлээс эх үүсвэртэй ч өнөөдөр гүн шингэсэн заншил болсон бөгөөд алга болж буйг мэдрэх тусам хүмүүс дурсамжинд автдаг.
Өнөөдөр дунджаар 14.70 евро үнэтэй энэ хоолонд олон аюул заналхийлж байна. Цаг завгүй испаничууд гэрээсээ авчирсан хоолоо ажил дээрээ идэх, эсвэл супермаркетаас бэлэн хоол авч халаах болсон. Эрчим хүч, хүнсний үнэ өсөж байгаа нь гэр бүлийн жижиг ресторанууд өдөр бүр солигдох сонголт санал болгоход хүндрэл учруулж байна. Иймээс уламжлалт гурав, дөрвөн үндсэн хоолны оронд хямд өртөгтэй өдрийн ганц хоол нэвтэрч, зарим цэсэнд Испанийн хүн ам зүйн өөрчлөлтийг тусган Латин Америкийн хоол орох болжээ.
Агиррегийн хувьд сайн menú del día-ийн газар энгийн хоол, байнга солигддог цэс, хөлдөөгөөгүй шарсан төмс, байнгын үйлчлүүлэгчидтэй байх бөгөөд самбарт нь авокадо, буррата, тартар, трюфель, исгэлэн талх гэх мэт үг огт байх ёсгүй. Түүний хэлснээр алга болж буй зүйл бол уулзалтын цэг юм: санхүүгийн боломж хязгаарлагдмал гэр бүлүүд гадуур хооллох боломжтой, ганцаараа амьдардаг хүмүүс хоолны үеэр нөхөрлөл олдог нийгмийн төв.
Агирре цэсийн жинхэнэ давуу тал нь “зөвхөн хоолны мөнгө төлөх чадвар бус, түүнийг амтархан идэх цаг завтай байх” явдал гэж үзэж байна.



