Жүжигчин Ко Гён Пё согтуугаар жолоо барьсандаа уучлалт гуйж, уран бүтээлээ түр зогсооно гэв
Ко цагдаагийн мөрдөн шалгалтад бүрэн хамтран ажиллаж, бүх хариуцлагаа хүлээнэ гэж мэдэгджээ.

Өмнөд Солонгосын жүжигчин Ко Гён Пё саяхан согтуугаар жолоо барьж осол гаргасандаа арваннэгдүгээр сарын 15-ны ням гарагт уучлалт гуйж, цагдаагийн мөрдөн шалгалтад бүрэн хамтран ажиллаж, уран бүтээлийн үйл ажиллагаагаа түр зогсооно гэж мэдэгдлээ.
“Reply 1988” цувралаараа алдартай 36 настай жүжигчин ням гарагт Instagram хуудсандаа уучлалт гуйсан бичгийн зургаа нийтэлжээ. Ко бямба гарагийн үүрийн 3:30 цагийн орчим Сөүлд согтуугаар жолоо барьж явахдаа хог цэвэрлэгээний машин мөргөсөн юм. Түүний цусан дахь спиртийн агууламж жолооны үнэмлэхийг нь хураах хэмжээнд хүрсэн байсан гэж цагдаа мэдээлсэн.
“Архи уучихаад жолооны ард суусан нь бүхэлдээ миний буруу. Үүрийн цагаар ажиллаж байсан хүмүүсийг жолоодлогоороо аюулд оруулсандаа дахин уучлалт гуйя. Миний үйлдэл ноцтой гэмтэл учруулж болох байсан, хариуцлагагүй үйлдэл байлаа” гэж Ко бичжээ.
Цэвэрлэгээний машиныг мөргөсний дараа ослын газраас зайдуу машинаа тавих газар хайж, хоёр цэвэрлэгчээс даруй уучлалт гуйсан гэж Ко тайлбарлав. “Тэд аль хэдийн цагдаа дуудсан гэдгээ эелдгээр хэлсэн. Тэд надад уурлах бүрэн эрхтэй байсан. Хаа нэгтээ нуугдмаар санагдтал ичсэн. Бүх хариуцлагыг хүлээнэ гэж хэлээд, бид бүгд цагдааг ирэхийг хүлээсэн” гэж Ко хэлжээ.
“Цагдаагийн мөрдөн шалгалтад бүрэн хамтран ажиллана. Ослын улмаас учирсан хохирлыг арилгахын тулд шаардлагатай бүхнийг хийж, бүрэн хариуцлага хүлээнэ” гэж тэрбээр нэмэв. Ко төлөвлөсөн бүх үйл ажиллагаагаа зогсоохоо мэдэгдэж, гарч буй болон удахгүй гарах нэвтрүүлгийн зураг авалтад хамт ажилласан хүмүүсээс уучлалт гуйжээ. “Одоо хүнд шийдвэр гаргах ёстой хүмүүс бий. Бүх хамтран ажиллагсад, зураг авалтын багийнхнаасаа үнэхээр уучлалт гуйя” гэж тэрбээр хэлсэн.
Ко оролцсон нэвтрүүлгүүдийн продюсерууд цацахаас өмнө түүний хэсгийг хасна гэж мэдэгджээ. Ирэх бямба гарагт болох байсан Ко болон шүтэн бишрэгчдийнх нь уулзалтыг цуцалжээ.



