Казахстаны Ерөнхийлөгч баячуудын татварыг нэмэгдүүлэх санааг судлахыг үүрэг болгов
Касым-Жомарт Токаев мөн 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон шинэ Татварын хуульд бизнес эрхлэгчдийн хүндрэлийг арилгах өөрчлөлт оруулахыг засгийн газарт даалгав.

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев их хэмжээний хөрөнгөтэй хүмүүст татварын өндөр хувь хэмжээ тогтоох асуудлыг судлахыг засгийн газар, парламентад үүрэг болгожээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.
«Татварын шударга байдлын асуудлыг онцлон авч үзмээр байна. Их хэмжээний хөрөнгөтэй хүмүүст өндөр хувь хэмжээ тогтоох асуудлыг хэлэлцэх цаг болсон гэж би үзэж байна» гэж Токаев ард түмэндээ хандсан жил бүрийн илгээлтдээ хэлэв.
Тэрбээр хууль ёсоор олж авсан хөрөнгийг ямар нэгэн байдлаар хязгаарлах гэж байгаа хүн байхгүй, энэ нь Үндсэн хуультай зөрчилдөх болно гэдгийг онцолсон. Түүний хэлснээр, энэ нь иргэн бүр улс орныхоо хөгжилд зохистой, шударга хувь нэмэр оруулах тухай асуудал юм.
Токаевын хэлснээр, татварын шударга байдал ил тод байдлыг шаарддаг тул татвар хураалтыг сайжруулж, далд эдийн засгийг багасгаж, авлигын эрсдэлийг бууруулахын тулд хиймэл оюун ухаан зэрэг дэвшилтэт технологийг ашиглах хэрэгтэй.
Ерөнхийлөгч мөн саяхан батлагдсан Татварын хуульд өөрчлөлт оруулахыг засгийн газарт даалгав. «Татварын хууль бол догма биш, ариун ном биш бөгөөд бодит байдлаас тасархай байх ёсгүй» гэж тэрбээр хэлж, зөрчлийг арилгаж, хэм хэмжээг хоёрдмол утгаар тайлбарлахаас сэргийлж, бизнес эрхлэгчдийн илүүдэл ачааллыг арилгахыг уриалжээ.
Шинэ Татварын хууль 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон юм.

