Хиймэл оюуны бүтээн байгуулалтад илүү их хувьцааны санхүүжилт хэрэгтэй гэж Блэкстоуны ерөнхийлөгч мэдэгдэв
Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын компаниудын удирдагчид хиймэл оюуны санхүүжилтийн асар их хэмжээ зах зээлд дарамт болж болзошгүйг Хонконгт анхааруулжээ.

Зээлдүүлэгчид бүтээн байгуулалтыг удирдаж буй компаниудаас улам их хамааралтай болж байгаа тул хиймэл оюуны дэд бүтцэд хувьцааны санхүүжилт илүү хэрэгтэй гэж Блэкстоун компанийн ерөнхийлөгч Жон Грэй Мягмар гарагт мэдэгджээ. Энэ тухай Си Эн Би Си мэдээлэв.
Грэй Хонконгийн Мөнгөний газрын Дэлхийн санхүүгийн удирдагчдын хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтад үг хэлэхдээ, шаардлагатай хөрөнгийн хэмжээ өрийн хөрөнгө оруулагчдын эрсдэлийг салбарын хэмжээнд болон тодорхой компаниудад төвлөрүүлж байна гэжээ.
Түүний хэлснээр, хувьцаа эзэмшигчид компанийн өсөлтөөс ашиг хүртэж чаддаг бол зээлдүүлэгчдийн орлого үндсэндээ хүү, үндсэн төлбөрөөр хязгаарлагддаг аж.
Бүтээн байгуулалтыг хөрөнгийн зах зээл, банк, хувийн хөрөнгийн хослолоор санхүүжүүлэх шаардлагатай гэж Грэй хэлжээ. Компаниуд зээлийн хэмжээгээ хязгаарлахын тулд бүтэцлэгдсэн хэлцэлд улам хандаж, томоохон клаудын компаниудын бэлэн мөнгө ч зардлын тодорхой хэсгийг санхүүжүүлэх юм. «Хөрөнгийн хэмжээ асар их учраас бүтээлч шийдэл хэрэгтэй байна» гэж тэрбээр нэмжээ.
Санхүүжилтийн эдгээр сорилтыг үл харгалзан Грэй тооцооллын чадлын эрэлт нийлүүлэлтээс нэлээд түрүүлж байгааг онцолсон байна. Блэкстоуны багцын компаниудын хиймэл оюуны загварт зарцуулах зардал өнгөрсөн нэг жилд 20 дахин өсчээ. Гэхдээ газар, зөвшөөрөл, чип, цахилгаан, хөрөнгө олоход хэцүү болж буй тул эрэлтийг хангах нь төвөгтэй хэвээр байна гэж тэрбээр хэлжээ.
Харин мөн хэлэлцүүлэгт оролцсон Пимко компанийн гүйцэтгэх захирал Эммануэль Роман хиймэл оюуны санхүүжилтийн хэмжээ зах зээлд хэт ихдэж болзошгүйг хөрөнгө оруулагчдад анхааруулсан байна. «Хэзээ нэгэн цагт энэ нь хэт их болно» гэж тэрбээр хэлжээ.
Роман Женерал Атлантик компанийн гүйцэтгэх захирал Билл Фордын тооцоог иш татан, хиймэл оюунтай холбоотой хөрөнгийн зардал ирэх таван жилд 10 их наяд орчим ам.долларт хүрч мэднэ гэжээ. Тэрбээр энэ дүнг 20 их наяд орчим ам.долларын дэлхийн компанийн бондын зах зээлтэй харьцуулж, энэ онд одоогоор 550 тэрбум орчим ам.долларын хиймэл оюуны өр гаргасныг дурдсан байна.
Голдман Сакс банк Даваа гарагт нийтэлсэн тайландаа дэлхийн дата төвийн эрэлтэд ирэх таван жилд 8.5 их наяд орчим ам.долларын хөрөнгийн зардал шаардлагатай гэж тооцсон юм.



