Хонконгийн Вон Фүк Кордын түймрийн тайланг нийтэлж, засаг дарга уучлалт гуйж, орон сууцны сайд огцорчээ
Түймэр гарснаас хойш бараг жилийн турш нэг ч албан тушаалтан уучлалт гуйж, огцроогүй байсан юм.

Хонконгийн засаг захиргаа дөрвөн сарын сонсголын дараа Вон Фүк Корд хорооллын түймрийн тайланг нийтэлжээ. 2025 оны 11 дүгээр сарын сүүлээр гарсан түймэрт нэг гал сөнөөгч зэрэг 168 хүн амь үрэгдсэн юм. Энэ тухай Би Би Си-гийн хятад хэлний алба мэдээлэв.
Засаг дарга Жон Ли пүрэв гарагт (10 дугаар сарын 29) хэд хэдэн албан тушаалтныг дагуулан хэвлэлийн бага хурал хийж, тэдний хамт бөхийн уучлалт гуйжээ. Тэрбээр «улс төрийн томилгоот баг улс төрийн хариуцлага хүлээнэ» гэж хэлжээ. Орон сууцны сайд Винни Хо лхагва гарагт (28) огцрох өргөдлөө өгсөн байна.
Хоёр боть, 16 бүлэг, 1000 гаруй хуудастай тайланд түймрийг тамхинаас үүдсэн байх «магадлал маш өндөр» гэж дүгнэжээ. Хулсан шатны гал тэсвэргүй тор, цонхонд наасан хөөсөнцөр хавтан галыг хурдан тархаахад нөлөөлсөн байна. Эрүүгийн шүүх хуралтай холбоотой зарим хэсгийг нууцалжээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Жон Лигээс яагаад зөвхөн нэг албан тушаалтан улс төрийн хариуцлага хүлээх болсныг удаа дараа асуухад тэрбээр шийдвэрийг олон хүчин зүйлийг харгалзан гаргасан гэдгийг л онцолжээ.
Шүүгчээр ахлуулсан бие даасан хороо энэ оны 3 дугаар сараас эхлэн таван сарын дотор 30 сонсгол зохион байгуулж, 80 гэрч, шинжээчээс мэдүүлэг авсан бөгөөд 10 дугаар сарын 22-нд засаг даргад тайлангаа хүргүүлжээ. Тайланд засгийн газрын хяналтын дөрвөн байгууллага дутагдалтай ажилласан гэж дүгнэжээ. Их хэмжээний мөнгө эргэлддэг засварын ажил гэмт бүлэглэлүүдийн хууль бус ашиг олох бай болсон гэж тайланд дурдсан байна.
Жон Ли барилгын засварын ажлын тендерт хуйвалдахыг хуулиар хориглох, цагдаа, авлигатай тэмцэх газар, өрсөлдөөний хорооны гишүүдээс бүрдсэн хэлтэс хоорондын тусгай баг байгуулахаа мэдэгджээ.
Түймэр 43 цаг үргэлжилсэн бөгөөд Хонконгт 17 жилийн дараа гарсан анхны тав дахь зэрэглэлийн түймэр болсон юм. Цагдаа 39, авлигатай тэмцэх газар 24 хүнийг баривчилж, 6 дугаар сарын 10-нд долоон хүн, хоёр компанийг хүний амь болгоомжгүй хөнөөсөн зэрэг 25 зүйл ангиар яллажээ.



