Хормузын хоолойд дөрвөн нефтийн танкер минад өртөв гэж Иран мэдэгдэв
Минад өртсөн хөлөг онгоцуудын нэг нь хоёр сая гаруй баррель нефть тээж явсан супертанкер байжээ.
Хормузын хоолойгоор явж байсан дөрвөн нефтийн танкер минад өртөж, гал авалцсаныг Ираны Исламын хувьсгалын харуулын корпус мэдэгджээ гэж Эй Би Си Ньюс мэдээлжээ.
Корпусын мэдээлснээр, танкерууд Баасан гарагт хоолойгоор зөвшөөрөлгүй замаар нэвтрэхийг оролдсоны дараа дэлбэрэлтэд өртсөн байна. Корпусын тэнгисийн цэргийнхэн хөлөг онгоцууд навигаци, байршил тогтоох системээ унтрааж, радиогоор удаа дараа өгсөн сэрэмжлүүлгийг үл тоосон гэж мэдэгджээ.
Ираны мэдээнд хөлөг онгоцуудын нэр, багийн гишүүдийн талаар дурдаагүй байна.
Оман хоолойд халдлагад өртөж, гал авалцсан Панамын далбаатай танкерын 25 багийн гишүүнийг Мусандам мужийн эргээс 1.6 далайн милийн зайд нүүлгэн гаргасан гэж мэдэгджээ. Энэ нь Ираны дурдсан түймэртэй холбоотой эсэх нь тодорхойгүй байна.
Их Британийн Далайн худалдааны үйл ажиллагааны төв мөн Баасан гарагт Ираны эх газрын ойролцоох Лаван арлын өмнөд хэсэгт нэгэн хөлөг онгоцыг «үл мэдэгдэх сум» оносныг мэдээлжээ. Хөлөг онгоцны багийнхан эсэн мэнд байгаа гэнэ.
Ираны нэгэн албан тушаалтан хоолойд өөр хоёр завь руу хийсэн халдлагын улмаас хоёр загасчин сураггүй алга болж, хоёр хүн шархадсан гэж мэдэгдээд, АНУ-ыг буруутгажээ.
Тегераны зөвшөөрөлгүйгээр хоолойгоор нэвтэрсэн хөлөг онгоцыг устгана гэж Иран удаа дараа анхааруулж байсан. АНУ, Израиль 2 дугаар сарын 28-нд дайн эхлүүлснээс хойш Тегеран усан замын ихэнх хэсгийг хяналтандаа авсан юм.
Ираны дээд удирдагч Моджтаба Хаменеи Бямба гарагт АНУ, Израилийг дахин дайн эхлүүлэхээс сэрэмжлүүлжээ. Үүний зэрэгцээ Катарын төлөөлөгчид Баасан гарагт Тегеранд хүрэлцэн ирсэн бөгөөд Ираны хэвлэлийн мэдээлснээр, Тегеран АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнсийн захидалд хараахан хариу өгөөгүй байна.



