Хүчирхийллийн хэрэгт буруутгагдсан Сиднейн сургуульд шинэ сурагч элсүүлэх эрхгүй болгохыг хороо зөвлөжээ
Парламентын хорооны тайланд сургууль хүүхэд хамгааллын үндсэн стандартыг зөрчсөн гэж дүгнэжээ.

Бэлгийн, бие махбодын, сэтгэл зүйн, санхүүгийн хүчирхийлэлд буруутгагдсан Сиднейн баруун хэсгийн Редимер Баптист сургуульд шинэ сурагч элсүүлэх эрх олгохгүй байхыг Шинэ Өмнөд Уэльс мужийн парламентын хороо зөвлөснийг Гардиан сонин мэдээлжээ.
Сургуулийн төгсөгчид, багш асан нар сурагчдыг багш нартай нэг оронд унтуулдаг байсан, захирал нь нийтийн өрөөгөөр нүцгэн алхаж байсан зэрэг түгшүүртэй мэдээллийг хороонд өгчээ.
Мягмар гарагт мужийн парламентад өргөн барьсан тайланд бэлгийн хүчирхийллийн гомдлыг зохих ёсоор шийдвэрлээгүй, хүүхдүүдийг ноцтой эрсдэлд оруулсан гэж дүгнэсэн байна. Ажилтнууд хөдөлмөрийн үндсэн эрхээ эдэлж чадаагүй аж.
Хороо гомдлуудыг цагдаа болон хүүхдийн асран хамгаалагчийн газраар шалгуулахыг мөн зөвлөсөн.
Хорооны дарга, Ногоон намын гишүүн Абигейл Бойд сургууль жил бүр засгийн газраас зургаан сая орчим долларын санхүүжилт авдаг байсныг онцолжээ.
«Тэд муж болон холбооны түвшний улстөрчидтэй гүн улс төрийн холбоотой» гэж Бойд парламентад хэлжээ.
Тайланд мөн ажилчдын цалинг саатуулах, тэтгэмжийн луйвар, татварын эргэлзээтэй үйл ажиллагаа зэрэг асуудлыг зохих ёсоор шалгах шаардлагатай гэжээ.
Сургуулийн төлөөлөгч өмнө нь сургууль 45 жилийн турш зохицуулагчдын шаардлагыг зөрчилгүй биелүүлж ирсэн гэж мэдэгдэж байсан ч тайлан гарсны дараа тайлбар өгөөгүй байна.



