Хусигийн зэвсэгт бүлэглэл Адены нисэх буудал руу дахин довтолжээ
Пуужин нисэх буудалд онож, агаарын хөдөлгөөн түр зогссон ч хүний амь эрсдээгүй байна.

Йемений Хусигийн зэвсэгт бүлэглэл лхагва гарагт (10 дугаар сарын 28) харвасан хоёр пуужин Йемений Адены олон улсын нисэх буудалд оножээ. Ираны дэмжлэгтэй тус бүлэглэл хүмүүсийг нисэх буудлаас гарахыг урьдчилан анхааруулж байсан бөгөөд хүний амь эрсдэсэн тухай мэдээлэл одоогоор алга. Энэ тухай Америкийн дуу хоолой радиогийн хятад хэлний алба мэдээлэв.
Йемений засгийн газрын албан тушаалтан Ройтерс агентлагт ярихдаа агаарын цохилтын дараа агаарын хөдөлгөөнийг түр зогсоосон гэжээ. Хусигийн цэргийн хэвлэлийн төлөөлөгч лхагва гарагт Икс сүлжээнд Йемений засгийн газарт зэвсэг тээвэрлэж явсан Саудын Арабын цэргийн ачааны онгоц тухайн үед нисэх буудалд байсан гэж бичжээ. Хусичууд Адены иргэний нисэх буудлыг аливаа цэргийн зорилгоор ашиглахыг эсэргүүцэж байгаагаа анхааруулж байсан. Саудын Арабын албаны хүмүүс энэ талаар тайлбар өгөөгүй байна.
Халдлагаас өмнөх өдөр Саудын Арабын АНУ дахь Элчин сайд, гүнж Рима бинт Бандар Хусигийн бүлэглэлийг ялах олон улсын эвсэл байгуулахыг уриалсан юм. АНУ-аас террорист байгууллагад тооцсон энэ бүлэглэл Саудын Араб болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Йемений засгийн газрын эсрэг халдлагаа эрчимжүүлж байна.
Йемений албаны хүмүүсийн хэлснээр Хусичууд 10 дугаар сарын 7-нд баллистик пуужин, нисгэгчгүй онгоцоор нисэх буудлын хөөрөх зурвас руу довтолсон бөгөөд энэ нь Каираас ирж буй иргэний онгоц газардахаас хэдхэн минутын өмнө болжээ.
Йемен дэх тулаан 9 дүгээр сарын эхээр хурцадсан бөгөөд үүнээс өмнө тус террорист бүлэглэл Йемений Улаан тэнгисийн эргийг бүхэлд нь эзлэн, Аденаас хойд зүгт орших Йемений гурав дахь том хот Таиз болон түүний орчимд газар нутаг эзэлсэн байв.
АНУ болон НҮБ энэ бүлэглэлийн үйл ажиллагаа, хөлөг онгоцны эсрэг халдлага нь бүс нутгийн аюулгүй байдал, далайн тээвэрт заналхийлж байна гэж үздэг. Хусичууд Саудын Араб Йемений засгийн газрыг дэмжиж, Санаагийн нисэх буудал руу довтолсны хариуд зөвхөн Саудын Арабтай холбоотой тээврийг онилж байна гэж мэдэгддэг.
Йемений засгийн газар лхагва гарагт цэргүүд нь Хусичуудын Таиз хотыг бүсэлсэн бүслэлтийг задлах, хангамжийн замыг нээхээр тулалдаж байна гэж мэдэгджээ.
Йемений засгийн газар төрийн өмчит Саба мэдээллийн агентлагаар дамжуулан мэдэгдэл гаргаж, Иран Хусичуудад цэрэг, санхүү, техникийн дэмжлэг үзүүлж байна гэж буруутгасан байна.
Йемен Ираны дэглэм үзүүлж буй дэмжлэгийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдэж, ийм дэмжлэг «дайныг өдөөж, Йемений ард түмний зовлонг гүнзгийрүүлсэн» гэжээ.
Үүнээс нэг өдрийн өмнө Хусичууд Эр-Рияд дахь Саудын Арабын Батлан хамгаалах яам руу баллистик пуужингаар, Абхагийн олон улсын нисэх буудал руу нисгэгчгүй онгоцоор довтолж, нисэх буудлын агаарын хөдөлгөөнийг тасалдуулсан гэж мэдэгдсэн.
Тус бүлэглэл мөн Саудын Арабын Наджран нисэх буудал, Хамис-Мушайт дахь Хаан Халидын агаарын цэргийн баазын хоёр цэргийн тээврийн онгоц руу баллистик пуужингаар довтолсон гэж мэдэгджээ.
Саудын Арабаар ахлуулсан эвсэл мягмар гарагт Хусичуудын Таиф, Эр-Рияд руу харвасан баллистик пуужинг саатуулан устгасан гэж мэдээлжээ.
9 дүгээр сараас хойш Хусичуудын Саудын Арабын нисэх буудал, газрын тосны байгууламж болон бусад байг онилсон пуужин, нисгэгчгүй онгоцны халдлагад дор хаяж 25 хүн амь үрэгдээд байна.
АНУ-ын Йемен дэх Түр хамаарагч Нил Хоуп лхагва гарагт Хусичуудын тактикийг шүүмжилж, тус бүлэглэл газар мина булж, тэдгээр нь Йемений энгийн иргэдийн амийг авч байна гэж буруутгажээ.
Эр-Риядад байрладаг Хоуп тус бүлэглэлийн булсан мина «олон жилийн турш Йеменийг зовоосоор байх болно» гэжээ.
Хоуп Икс сүлжээнд нийтэлсэн бичлэгтээ сүүлийн арван жилд Йеменд газрын мина 11800 гаруй хүнийг хохироосны дийлэнх нь энгийн иргэд байсан гэж хэлжээ.
Гүнж Рима мягмар гарагт «Нью-Йорк Таймс» сонинд нийтлүүлсэн нийтлэлдээ тус бүлэглэлийн заналхийлэл Саудын Араб, Йеменээс цааш тархсан гэж бичжээ.
«Хусичуудад хязгаар гэж үгүй. Тэд дайсан гэж үзсэн хэн бүхэнд ямар ч аргыг цээрлэлгүй хэрэглэж чадна. Тэд дөнгөж 10 настай сурагчдыг „Америк мөхөг“ гэж хашгируулж, олон мянган хүүхдийг байлдааны талбар руу илгээж байна. Ийм радикал үзэл суртал тулгахыг зогсоох ёстой» гэж тэрбээр бичсэн байна.
Гүнж Рима Хусичуудыг Ирак, Сири дахь «Исламын улс» бүлэглэлийн дайчидтай зүйрлэж, Йеменчүүдийн тэргүүлэх олон улсын эвсэл тэднийг ялж чадна гэж онцолжээ.



