Дэлхий

Хятадад 700-аар эхэлсэн дугаараас ирсэн дуудлагыг айлгүй авч болох ч 4 төрлийн дуудлагаас болгоомжлохыг сануулжээ

Хоол хүргэлт, такси дуудах үед хэрэглэгчийн жинхэнэ утасны дугаарыг нууцлах түр дугаарыг туршиж эхэлжээ.

中国新闻网2 мин унших

Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам 10 компанид дугаар хамгаалах үйлчилгээг туршин нэвтрүүлэх зөвшөөрөл олгож, 700-аар эхэлсэн тусгай дугаар хуваарилжээ.

Энэ үйлчилгээ нь хоол хүргэлт, такси дуудах зэрэг өдөр тутам олон хүний хэрэглэдэг үйлчилгээнд хэрэглэгчийн жинхэнэ утасны дугаарыг нууцлах дижитал хаалт болно.

Зуучлах дугаар гэгддэг энэ үйлчилгээг утсан залилан, худалдааны сурталчилгааны дуудлагаас илүү үр дүнтэй сэргийлэх зорилгоор нэвтрүүлж байна.

Захиалга өгөхдөө дугаар хамгаалах сонголтыг тэмдэглэвэл хэрэглэгч хүргэгч, жолоочтой 700-аар эхэлсэн 15 оронтой дугаараар холбогдоно. Хоёр тал бие биеийнхээ жинхэнэ дугаарыг харахгүй.

Дуудлага ирэхэд дэлгэцэнд гарах мэдээлэл, холбогдохоос өмнөх дуут мэдэгдлээр хэрэглэгч ямар үйлчилгээ, аль платформоос залгаж байгааг мэдэх боломжтой.

Захиалга дууссанаас хэсэг хугацааны дараа түр дугаар хүчингүй болдог тул урт хугацааны холбоо үлдэхгүй.

Харин дараах 4 төрлийн дугаараас ирсэн дуудлагыг авбал эд хөрөнгөөрөө хохирч болзошгүйг сануулжээ.

400-аар эхэлсэн дугаарыг компаниуд харилцагчийн болон борлуулалтын дараах үйлчилгээний утас болгон зөвхөн дуудлага хүлээн авахад ашигладаг. Ийм дугаараас дуудлага ирвэл залилагчид дугаар өөрчлөх программаар компанийн дугаарыг дуурайлгасан байж болзошгүй.

Яамны журмаар гадаадаас ирж буй дуудлагын дугаарт олон улсын 00 угтвар (зарим утсанд +) заавал харагдах ёстой. Гадаадад төрөл садан, танилгүй бол ийм дуудлага бараг гарцаагүй гадаадын залилан байдаг.

95-аар эхэлсэн 5 эсвэл 6 оронтой дугаарыг банк, даатгал, агаарын тээвэр, шуудан, төмөр зам, эрчим хүч зэрэг салбарын томоохон компаниуд ашигладаг тул айлгүй авч болно. Харин 95-аар эхэлсэн дугаар 6-аас олон оронтой бол дуудлагыг авахгүй байхыг зөвлөжээ.

Залилагчид худалдаж авсан эсвэл түрээсэлсэн 95-аар эхэлсэн дугаарыг дуут роботтой холбож, өдөрт олон мянган дуудлага хийн, хохирогч болж болох хүмүүсийг шүүж авдаг аж.

Мессеж илгээдэг 1069-өөр эхэлсэн дугаарыг компаниудад мессежийн үйлчилгээ үзүүлдэг гуравдагч платформууд ашигладаг.

Гэвч зарим компани эдгээр дугаарыг дахин худалдсаар эцэст нь залилагчдын гарт оруулдаг. Тиймээс ийм мессеж дэх холбоосыг дарахдаа болгоомжтой байж, хариу бичихгүй байхыг зөвлөж байна.

Бусад мэдээ