Улс төр

Хятадын Төрийн зөвлөлийн Шадар сайд асан Лю Яньдун 81 насандаа таалал төгсөв

Лю Яньдун шинэчлэл, нээлттэй бодлогын үеэс хойш Улс төрийн товчооны гишүүн болсон хоёр дахь эмэгтэй байв. 2022 оноос хойш Улс төрийн товчоонд эмэгтэй гишүүн байхгүй болжээ.

BBC (хятад хэл)1 мин унших

Зураг: BBC (хятад хэл)

Хятадын Төрийн зөвлөлийн Шадар сайд асан Лю Яньдун өвчний улмаас Бээжинд 81 насандаа таалал төгссөнийг Шинхуа агентлаг лхагва гарагт буюу 10 дугаар сарын 28-нд мэдээлжээ. Энэ тухай Би Би Си-гийн хятад хэлний алба мэдээлэв.

Лю Яньдун 2007-2017 онд хоёр удаа дараалан Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн байж, 2008 онд Төрийн зөвлөлийн гишүүн, 2013 онд Төрийн зөвлөлийн Шадар сайд болж, 2018 онд тэтгэвэрт гарсан юм.

Тэрбээр шинэчлэл, нээлттэй бодлогын үеэс хойш Улс төрийн товчооны гишүүн болсон хоёр дахь эмэгтэй, БНХАУ байгуулагдсанаас хойшхи дөрөв дэх эмэгтэй Шадар сайд байжээ.

Хувьсгалт кадрын гэр бүлээс гаралтай Лю Яньдун 1945 оны 11 дүгээр сард төржээ. Түүний эцэг Лю Жуйлун намын эртний хувьсгалт кадр байсан бөгөөд Соёлын хувьсгалын үед хэлмэгдэж, таван жил хоригдсон юм.

Лю Яньдун 1964 онд Цинхуагийн их сургуульд суралцаж, химийн үйлдвэрт ажилчнаас удирдлага хүртэл дэвшсэн байна. 1982 оноос 1991 он хүртэл Коммунист залуучуудын эвлэлийн Төв хороонд ажилласан нь түүнийг Ху Жиньтаотой холбоотой албан тушаалтнуудын бүлэгт тооцогдоход хүргэсэн байна.

1991 онд тэрбээр намын Төв хорооны Нэгдсэн фронтын ажлын хэлтсийн дэд дарга болж, 2002 оноос хэлтсийн даргаар ажилласан юм. 2015 онд Хятадын хөлбөмбөгийн шинэчлэлийн удирдах бүлгийн даргыг хавсран хашиж байжээ.

Ү И, Лю Яньдун, Сунь Чуньлань нарын ачаар Улс төрийн товчоонд 20 жилийн турш дор хаяж нэг эмэгтэй гишүүн байсан ч 2022 онд болсон намын их хурлын дараа 24 гишүүнтэй Улс төрийн товчоонд эмэгтэй гишүүн нэг ч үлдээгүй юм.

Бусад мэдээ