Кибер хулгайн дараа дахин ажиллаж эхэлсэн Бинанс биржээс 3.64 тэрбум ам.доллар гарчээ
Түүхэн дэх хамгийн том санхүүгийн дээрэм байж болзошгүй халдлагын дараа хэрэглэгчдийн итгэл сорилтод оржээ.

Дэлхийн хамгийн том криптовалютын бирж Бинанс өнгөрсөн долоо хоногт 6.3 тэрбум ам.доллар хулгайд алдсаны дараа үйлчилгээгээ сэргээхэд хэрэглэгчид 3.64 тэрбум ам.доллар буюу хөрөнгийн 2.1 хувийг татан авсныг Рапплер мэдээлжээ.
Татан авалт тогтворжиж байгаа бөгөөд хулгайлагдсан хөрөнгийн 95 хувийг нөхсөн гэж бирж мэдэгдэв. Компанийн мөнгөөр 6 тэрбум ам.долларын орлуулах токен худалдан авсан бол үлдсэн 5 хувь нь хөрвөх чадвар багатай тул хугацаа шаардана гэжээ.
«Энэ нь хөрөнгө дүрвэсэн хэрэг биш, болгоомжлолын хариу үйлдэл» гэж ТРМ Лабс компанийн бодлогын хариуцсан дарга Ари Редборд хэлжээ. Харин Дефи Ллама платформ гарсан дүнг 5.81 тэрбум ам.доллар гэж тооцсон ч Бинанс энэ тоонд шууд тайлбар өгөөгүй байна.
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо халдлагын хариуцлагыг Хойд Солонгосын төрийн дэмжлэгтэй Трейдер Трейтор нэгжид тохожээ.
ТРМ Лабс, Чейнализис компаниудын хэлснээр хулгайн ихэнх нь пүрэв гарагийн орой 20 орчим минутад болж, Хойд Солонгост холбогддог өмнөх томоохон халдлагуудтай төстэй байжээ. Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгос оролцсон эсэх нь тодорхойгүй гэж хэлсэн бол Пхеньян иймэрхүү үйлдлээ олон жил үгүйсгэж иржээ.
Биткойны ханш баасан гарагт зургаан долоо хоногийн доод түвшинд хүрсний дараа даваа гарагт 78 000 ам.доллараас дээш сэргэжээ. Шинжээчид энэ хулгайг түүхэн дэх хамгийн том санхүүгийн дээрэм байж болзошгүй гэж үзэж байна.
Бинанс хохирлыг өөрөө хариуцахаар компанийн 6.34 тэрбум ам.долларын хөрөнгө гаргажээ. Хэрэглэгчдийг хамгаалах 1 тэрбум ам.долларын сангийнхаа 50 хувийг ашиглах ч дараа нь нөхөхөө амласан байна.


