Looksmaxxing урсгалын инфлюенсер Clavicular хүчингийн хэрэгт буруугаа хүлээсэнгүй
Залуу эрэгтэйчүүдийн гадаад төрхийг туйлдаа хүргэх урсгалыг сурталчилдаг 20 настай Брейден Питерс 17 настай охинд халдсан хэмээн буруутгагдаж байгаа ч харилцаа харилцан зөвшилцлийн үндсэн дээр болсон гэж мэдэгджээ.

BBC-гийн мэдээлж буйгаар, looksmaxxing буюу залуу эрэгтэйчүүд гадаад төрхөө туйлдаа хүргэх урсгалыг сурталчилдаг Clavicular нэртэй инфлюенсер хүчингийн гэмт хэрэг зэрэг эрүүгийн хэргүүдэд буруугаа хүлээгээгүй байна. Жинхэнэ нэр нь Брейден Питерс (Braden Peters) хэмээх 20 настай тэрбээр есдүгээр сард хүнд хүчингийн хэрэг, бэлгийн харьцаанд оруулах зорилгоор хүнд мансууруулах бодис хэрэглүүлэх, 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа олж өгөх хэргээр яллагдсан юм.
Хэргүүд 2025 онд Массачусетс муж дахь гэр бүлийнх нь байшинд 17 настай охинд халдсан гэх үйл явдалтай холбоотой. BBC-гийн АНУ дахь түнш CBS News-ийн мэдээлснээр, нэгэн эмэгтэй цагдаад 2025 оны тавдугаар сарын 23-нд Питерс өөрт нь Uber захиалж, Чатэм дахь гэр бүлийнхээ байшинд дуудаад, шууд дамжуулалт хийнгээ хамт архи ууж байгаад хүчиндсэн гэж мэдүүлжээ. Мэдүүлэг авсан цагдаа тухайн эмэгтэйг насанд хүрээгүй, шууд дамжуулалтад харагдсан согтуурлын түвшнээс үзэхэд зөвшөөрөл өгөх чадваргүй байсан гэж үзсэн байна.
Питерс буруутгалыг үгүйсгэж, харилцаа харилцан зөвшилцлийн үндсэн дээр болсон гэж мэдэгдсэн. Пүрэв гарагт шүүх түүнийг 10 мянган ам.долларын барьцаагаар суллахыг зөвшөөрч, гомдол гаргагчтай холбогдох, түүний талаар нийтлэл оруулахыг хориглож, паспортоо хураалгахыг үүрэг болгосон. Хурлын дараа тэрбээр шүүхэд өмсөж очсон хар костюм, хар зангиатайгаа, мөн шүүхэд авчирсан нохойгоо тэвэрсэн зургаа нийтэлжээ.
Дараагийн шүүх хурал арван нэгдүгээр сарын 24-нд болох бөгөөд шүүгч хэргийг цааш үргэлжлүүлэхэд хангалттай нотлох баримт байгаа эсэхийг шийднэ.
TikTok, Instagram-д сая гаруй дагагчтай Clavicular looksmaxxing-ийн төлөө авдаг хэт туйлширсан арга хэмжээгээрээ хэвлэл мэдээллийн анхаарлыг татсан. Тэрбээр нүүр, эрүүгээ алхаар цохиж, төгс биетэй болохын тулд олон төрлийн стероид, тариа болон бусад эм хэрэглэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд эр хүн шиг харагдах зөвлөгөө өгч, дагагчдаа цочроох трюк хийдэг.
Энэ оны эхээр тэрбээр Флорида мужид үхсэн мэт харагдах матар руу буудаж буйгаа бичлэг хийснийхээ төлөө яллагдаж, олон нийтийн газар галт зэвсэг хууль бусаар хэрэглэсэн хэрэгт маргаагүй. Гуравдугаар сард хоёр эмэгтэйн хооронд зодоон өдөөсөн гэх сэжгээр баривчлагдсан ч эрх баригчид долдугаар сард яллах бодолгүй байгаагаа мэдэгдсэн байна.



