Лула Meta-гийн хөндлөнгийн оролцоог шалтгаалан өрсөлдөгч Флавио Болсонарог нэр дэвшихээс хасахыг хүсэв
Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны өмнөхөн хоёр нэр дэвшигч бие биенээ сонгуулийн шүүхэд хандаж, нэр дэвшүүлэхээс хасуулахыг шаардаж байна.

BBC-гийн мэдээлж буйгаар, Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силвагийн (Luiz Inácio Lula da Silva) сонгуулийн штаб Ням гарагт болох ерөнхийлөгчийн сонгуулийн шийдвэрлэх шатны өмнө баруун жигүүрийн өрсөлдөгч Флавио Болсонарог (Flávio Bolsonaro) нэр дэвшихээс хасуулахыг хүсэв. Лхагва гарагт Дээд сонгуулийн шүүхэд (TSE) гаргасан өргөдөлдөө зүүний үзэлтэй одоогийн Ерөнхийлөгчийн баг WhatsApp, Instagram, Facebook-ийг эзэмшдэг Meta компанийг Лулагийн контентыг хязгаарлаж, Болсонарогийн кампанит ажлыг дэмжсэн гэж буруутгажээ.
Өргөдөлд Болсонаро болон түүний дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Алфредо Гаспарыг (Alfredo Gaspar) эдийн засгийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, нийгмийн сүлжээг зохисгүй ашигласан хэргээр шалгах, мөн Болсонарог 2026 оны сонгуулиас хойш найман жил сонгуульд нэр дэвших эрхгүй болгохыг хүссэн байна. Лулагийн штаб өмнө нь Болсонаротой холбоотой аккаунт, контентыг өсгөсөн гэж гомдол гаргаж байсан бөгөөд хэрэглэгчид ч Meta-гийн хиймэл оюуны хэрэгслүүд Лулатай холбоотой зураг үүсгэхгүй байна гэж мэдээлж байв.
Хариуд нь шийтгэгдсэн экс ерөнхийлөгч Жаир Болсонарогийн хүү Флавио Болсонаро Лулаг улс төр, эдийн засгийн эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн буруутгаж, түүнийг мөн нэр дэвшихээс хасуулах өргөдөл гаргав. Түүний хэлснээр засгийн газар албан ёсны мэдээллийн сангаас авсан хувийн мэдээллийг ашиглан нийгмийн хөтөлбөрүүдээ сурталчилсан мессежийг WhatsApp-аар бөөнөөр нь илгээсэн аж.
Мөн Лхагва гарагт НҮБ-ын шинжээчид кампанит ажил бүрийн Meta-гийн платформоор сонгогчдод хүрэх боломж ялгаатай байгаа тухай мэдээлэлд санаа зовж буйгаа илэрхийлэв. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгчийн удирдсан тайланд нэг нэр дэвшигчийн аккаунт түр тасалдсан, хандалт, үзэлт, хүрээ ялгаатай байсан, Instagram нийтлэлд хязгаарлалт тавигдсан зэрэг тохиолдлыг дурдаад, Meta сонгуулийн үеэр онлайн орчинд тэгш боломж хангах ёстой гэжээ.
“Meta-гийн ажилтнуудаас ирсэн мэдээлэл зэргээс үзэхэд ерөнхийлөгчийн сонгуулийн нэг талтай холбоотой аккаунтуудыг харьцангуй их хязгаарласан бололтой” гэж тайланд бичжээ.
Meta аль нэг талд давуу байдал олгох арга хэмжээ аваагүй, кампанит ажлуудад ялгавартай хандаагүй гэж үгүйсгэсэн бөгөөд Болсонаро, Лула хоёрт тэгш хандахыг үүрэгдсэн Бразилын шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэжээ.
Лула дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдохыг зорьж байна. 10 дугаар сарын 4-нд болсон эхний шатанд Болсонаро бага зөрүүгээр түрүүлсэн ч шууд ялахад шаардлагатай хүчинтэй саналын 50 хувийг авч чадаагүй юм. Санал асуулгаар Ням гарагийн хоёрдугаар шат маш тэнцүү өрсөлдөөнтэй болох төлөвтэй бөгөөд Бразилын 159 сая бүртгэлтэй сонгогч санал өгөхөөр бэлтгэж байна.



