Молдав Румынтай холбох шинэ цахилгаан дамжуулах шугамаа ашиглалтад орууллаа

Молдав улс хөрш Румын болон Европын цахилгааны сүлжээтэй холбох шинэ шугамаа албан ёсоор ашиглалтад оруулж, Оросын эрчим хүчнээс хараат байдлаа бууруулахаар зорьж байна гэж Аль Жазира телевиз мэдээлжээ.
«Олон арван жилийн турш Москва эрчим хүчээр биднийг дарамталж ирсэн» гэж Молдавын Ерөнхийлөгч Мая Санду ням гарагт олон нийтийн сүлжээнд бичжээ. Молдав одоо Оросын хий огт худалдан авахгүй байгааг ч тэрбээр онцолсон байна.
Нийслэл Кишинёвт болсон нээлтийн ёслол дээр Санду энэ төсөл цахилгаан дамжуулах хүчин чадлыг нэмэгдүүлж, нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэн, улсыг Европын эрчим хүчний системтэй илүү бат холбоно гэв. Румын руу дахин хоёр шугам барихаар төлөвлөж буй аж.
Ёслолд оролцсон ЕХ-ны Эрчим хүчний асуудал хариуцсон комиссар Марта Кос одоо Молдав эрчим хүчийг хамгийн хямд газраас нь авах боломжтой боллоо гэжээ.
Вулканешт хотоос Кишинёв хүрэх хэт өндөр хүчдэлийн энэ шугам Приднестровье дэх Кучурганы дулааны цахилгаан станцаас хамаарах байдлыг багасгана. «Эрчим хүчний тусгаар тогтнолын шугам» хэмээн нэрлэгдсэн уг төсөл эрх баригчдын анх амласан хугацаанаас хоёр жил хоцорч хэрэгжиж байна.
2.6 сая хүн амтай Молдав өмнө нь хийнхээ ихэнхийг Москваг дэмжигч салан тусгаарлагч Приднестровье болон Украинаар дамжсан хоолойгоор Оросоос авдаг байв. Өнгөрсөн сард тус улсын парламент хийн хомсдлыг зөөлрүүлэхийн тулд засгийн газрын хүсэлтээр 11 дүгээр сарын 20 хүртэл онц байдал зарлажээ.
Хар тэнгисийн бүс нутгийн Европыг баримтлагч улсууд Оросынх гэж сэжиглэгдэж буй халдлагууд дахин гарч байгааг мэдэгдэж байгаа юм. Өнгөрсөн сард Румын эргийнхээ ойролцоо ачааны хөлөг живүүлж, багийн нэг гишүүний амийг авсан, гурвыг сураггүй болгосон дрон халдлагад Оросыг буруутгажээ.
Украин, Румын, Болгар гурав худалдааны тээврийг хамгаалах нэмэлт тандалтын хэрэгслийг яаралтай байршуулахыг хүссэний дараа НАТО Хар тэнгис рүү нэмэлт эргүүлийн онгоц, радар, дрон илгээх болжээ.



/file/attachments/orphans/nigeria-sa-carynMAIN_103569.jpg)