Москвагийн бирж 12 дугаар сарын 1-нээс криптовалютын арилжаа эхлүүлэхээр болжээ
Мэргэжлийн оролцогчид дижитал хадгаламжийн байгууллагаар дамжуулан арилжаа хийх юм.

Москвагийн хөрөнгийн бирж 12 дугаар сарын 1-нээс биткойн, этериум, тезер криптовалютын арилжаа эхлүүлэхээр төлөвлөж байгааг биржийн борлуулалт, бизнес хөгжлийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх захирал Борис Блохин Смартлабын бага хурал дээр мэдэгджээ. Энэ тухай Ведомости сонин мэдээлэв.
«Аль хэдийн манай системд идэвхтэй туршилт хийж буй харилцагчид бий» гэж Блохин хэлжээ.
Тэрбээр арилжааг юуны өмнө мэргэжлийн оролцогчдод аль болох бага зардалтай болгохыг хичээсэн гэжээ.
Блохины хэлснээр, бирж түнш дижитал хадгаламжийн байгууллагуудтай хамтран ажиллах бөгөөд криптовалютын бүртгэл, хадгалалтыг ч тэдгээр байгууллагаар дамжуулан хийнэ. Арилжааг хөрөнгийн зах зээлийн суурин дээр зохион байгуулж, өглөөний 7 цагаас шөнө дунд хүртэл явуулахаар төлөвлөжээ.
2027 оны 7 дугаар сарын 1-нээс оросуудад криптовалютыг зуучлагчгүйгээр шууд худалдан авах, зарахыг хориглох юм. Мөн дижитал данснаас хувийн түлхүүрээ өөрөө удирддаг хадгаламжийн бус түрийвч рүү криптовалют шилжүүлэхийг хориглоно.


