НҮБ-ын хориг арга хэмжээнд орсон Хойд Солонгосын хоёр танкер Хятадын эргийн ойролцоо удаа дараа илэрчээ
Хөлөг онгоцууд боомтод орохгүйгээр далай дээр ачаа шилжүүлж, хориг арга хэмжээг тойрч байж болзошгүй гэж НҮБ-ын шинжээчдийн багийн гишүүн асан анхааруулав.

Редакцийн тэмдэглэл: энэ мэдээг Америкийн дуу хоолойн солонгос хэлний албаны эх нийтлэлээс орчуулсан болно.
Хөлөг онгоцны хөдөлгөөн хянадаг Марин Трафик сайтын нээлттэй мэдээллээр, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээнд орсон Хойд Солонгосын хоёр нефтийн танкер Хятадын эргийн ойролцоо удаа дараа илэрсэн нь тэд далайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хориг арга хэмжээг тойрч байж болзошгүй гэсэн болгоомжлол төрүүлж байна.
Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр, «Нам Сан 8», «Чонмасан» хөлөг онгоцуудыг өмнө нь хориглосон хөлөг хоорондын ачаа шилжүүлэлт хийсэн гэж сэжиглэж байжээ. Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээний асуудлаарх НҮБ-ын шинжээчдийн багийн гишүүн асан тэдний хөдөлгөөн хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд далай дээр ачаа шилжүүлж байж болзошгүйг харуулж байна гэв.
Марин Трафикийн мэдээллээр, «Нам Сан 8» 10 дугаар сарын 24-нд Хятадын зүүн эргийн Ханжоугийн булан, Нинбо-Жоушаний бүсэд орших Сяоцюй Шанийн ойролцоо илэрсэн байна. «Чонмасан» мөн тэр өдөр өмнө ажиглагдсан байршлаасаа урагш шилжиж, Тан Юйн ойролцоо илэрчээ.
Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээний асуудлаарх НҮБ-ын шинжээчдийн багийн гишүүн асан Нийл Уоттс 10 дугаар сарын 23-нд Америкийн дуу хоолойд цахим шуудангаар хариулахдаа, хяналтын зургаас үзэхэд хоёр хөлөг онгоц хоёулаа Нинбо-Жоушаний бүсийн арлуудын дундах нутаг дэвсгэрийн усанд хэсэг хугацаа өнгөрөөсөн гэжээ. Тэрбээр энэ бүсийг “Хойд Солонгосын хөлөг онгоцноос хууль бусаар хөлөг хооронд ачаа шилжүүлдгээрээ алдартай газар” гэж тодорхойлов. Ийм шилжүүлэлт нь ачааг боомтод оруулалгүй далай дээр нэг хөлгөөс нөгөөд шилжүүлэх боломж олгодог тул ачааны гарал үүсэл, очих газрыг тогтооход хүндрэл учруулж болзошгүй юм.
Уоттсын хэлснээр, «Чонмасан», «Нам Сан 8» хоёулаа 2018 онд АНУ-ын хориг арга хэмжээний жагсаалтад орсон бөгөөд боомтод нэвтрэх хориг, хөрөнгө царцаалтад хамрагддаг.
“Боомтод орохгүйгээр далай дээр шилжүүлэлт хийснээр тэд үгүйсгэх үндэслэлтэй байдал бий болгож, ингэснээр жагсаалтад орсны үр дагавраас зайлсхийх ‘тойруу’ тактик хэрэглэж байна” гэж тэрбээр хэлэв.
Хоёр танкер хоёулаа хөрөнгө царцаалт, Хятад зэрэг НҮБ-ын гишүүн орнуудын боомтод нэвтрэх хоригт хамрагддаг.
Аюулгүйн Зөвлөлийн 2397 дугаар тогтоолын дагуу гишүүн орнууд хориглосон үйл ажиллагаанд оролцсон, эсвэл хориглосон бараа тээвэрлэсэн гэж үзэх хангалттай үндэслэл байвал боомтод нь байгаа хөлөг онгоцыг хураан авч, шалгаж, саатуулах ёстой бөгөөд нутаг дэвсгэрийн усандаа байгаа хөлөг онгоцны эсрэг ч ийм арга хэмжээ авч болно. АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын алба (OFAC) хоёр хөлөг онгоцыг Тусгайлан тодорхойлсон этгээдийн жагсаалтад оруулсан. Энэ нь америкчуудыг хоёр хөлөг онгоцтой ямар нэг харилцаа тогтоохыг хориглодог.
“Жагсаалтад оруулах нь тэдний НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээг зөрчсөн хууль бус үйл ажиллагааг зогсоох зорилготой байсан атал эдгээр тактик хөлөг онгоцуудад жагсаалтад орсны үр дагавраас мултарч, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж олгож байгаа нь санаа зовоож байна” гэж Уоттс нэмж хэлэв.
Америкийн дуу хоолой хөлөг онгоцуудын үйл ажиллагаа, холбогдох хориг арга хэмжээг Хятад хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар Хятадын засгийн газраас тайлбар хүссэн ч хариу аваагүй байна.
/file/attachments/orphans/peterfab-Meyer-G201_723103.jpg)
/file/attachments/orphans/Tumi-Bronkorspruit-water4_618982.jpg)
/file/attachments/orphans/merten-saa-meetMain_882702.jpg)
/file/attachments/orphans/airport-cocaine-carynMAIN_418835.jpg)