ОХУ, Африкийн эрдэмтэд колоничлолын Африкт учруулсан хохирлын урьдчилсан үнэлгээг 2027 онд танилцуулна
Урьдчилсан тооцоо 3-700 их наяд ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд боломжит нөхөн төлбөрийг Африкийн орнуудын гадаад өртэй холбох хандлагыг шинжээч ирээдүйтэй гэж үзэж байна.

Оросын эрдэмтэд Африкийн хамт олонтойгоо хамтран колоничлолын үед Африкийн улсуудад учруулсан хохирлын үнэлгээний урьдчилсан дүнг 2027 онд танилцуулахаар төлөвлөж байгааг ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Африкийн хүрээлэнгийн захирал Ирина Абрамова ярилцлагадаа мэдэгджээ. Энэ тухай РИА Новости агентлаг мэдээлэв.
Абрамовагийн хэлснээр, Африкийн хүрээлэн ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэй судалгааны төсөлд оролцож байна. 2026 оны 11 дүгээр сард Угандад Орос, Африкийн эрдэмтэд колоничлолын үр дагаврыг шинжлэх ухааны үүднээс үнэлэх хамтарсан лаборатори нээхээр төлөвлөжээ.
«Тодорхой тооцоо аль хэдийн хийгдэж байгаа бөгөөд урьдчилсан үнэлгээ ч бий. Гэвч зөрүү нь асар их буюу 3-700 их наяд ам.долларын хооронд байна» гэж шинжээч тэмдэглэв. Түүний хэлснээр, энэ нь үнэлгээний арга зүй өөрөө хэр төвөгтэйг харуулж байна. Хохирлыг үнэлэхдээ Атлантын далай дамнасан боолын худалдаа, байгалийн баялгийг дээрэмдсэн, орон нутгийн эдийн засгийн санаачилгыг дарангуйлж, Африкийн улсуудын аж үйлдвэрийн хөгжлийг хязгаарласны үр дагаврыг харгалзах шаардлагатай аж.
Абрамовагийн хэлснээр, Африкийн орнууд колоничлолын үр дагаврын талаарх хэлэлцүүлгийг эрх зүйн хавтгайд шилжүүлэхийг эрмэлзэж байна. Шинжээч боломжит нөхөн төлбөрийг Африкийн улсуудын гадаад өртэй холбохыг ирээдүйтэй хандлагын нэг гэж үзэж байгаа бөгөөд түүний тооцоогоор тэдний гадаад өр 850-900 тэрбум ам.доллар орчим байна. Орос-Африкийн гуравдугаар дээд хэмжээний уулзалт, эдийн засаг, хүмүүнлэгийн форум 10 дугаар сарын 28-29-нд Москвад болж байна.



