ОХУ-ын ГХЯ Запорожийн АЦС-ыг Украины цэргээс хамгаалахын тулд бүх хүчээ дайчилж байна гэв
Мария Захарова Киевийг станцын ажилтнуудыг айлган сүрдүүлж байна гэж буруутгаж, ОУАЭА-г Украиныг буруутан гэж нэрлэх зориг гаргахгүй байна гэж шүүмжлэв.

Интерфакс агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Даваа гарагт Оросын тал Запорожийн атомын цахилгаан станцыг Украины Зэвсэгт хүчнээс хамгаалахын тулд бүх хүчээ дайчилж байна гэж мэдэгдэв. Яамны цахим хуудсанд нийтэлсэн тайлбартаа тэрбээр Киевийн эрх баригчид станц болон ажилтнууд нь гэр бүлийнхээ хамт амьдардаг дагуул хот Энергодар руу чиглэсэн цохилтоо эрчимжүүлсэн гэжээ.
Захарова энэ долоо хоногийн эхээр Украины цэргийн бай нь зөвхөн иргэний объект буюу урлагийн сургууль, Оросын Онцгой байдлын яамны гал түймэр, аврах анги болсон гэж онцлов. Түүний хэлснээр, станц руу шууд цохилт өгөх боломжгүй Киевийн дэглэм ажилтнуудыг айлган сүрдүүлэх замаар станцын ажлыг тогтворгүй болгох дэмий оролдлогоо зогсоохгүй байна.
“Олон улсын байгууллагууд, юуны өмнө ОУАЭА Киевийн өдөөн хатгасан үйлдэлд маш хязгаарлагдмал хариу үйлдэл үзүүлж, Украиныг буруутан гэж шууд заах зоригийг одоог хүртэл олж чадахгүй байгааг бид тэмдэглэхэд хүрч байна” гэж Захарова мэдэгдэв. Тэрбээр ийм нуруугүй байдал сүйрлээр төгсөж болохыг тэд ойлгохгүй байгаа бололтой гэж нэмж хэлжээ.
Захаровагийн хэлснээр, Орос Украины үйлдэж буй хэрцгий үйлдлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох олон улсын тавцан зэргээр дэлхийн олон нийтэд байнга хүргэж, станц, түүний ажилтнууд болон Энергодарын оршин суугчдыг Киевийн халдлагаас хамгаалахын тулд бүх хүчээ дайчилж байна.



