Дэлхий

Өмнөд Солонгосын Хойд Чолла муж 2036 оны зуны олимпыг ганцаараа зохион байгуулах хүсэлт гаргана

2036 оны олимпыг зохион байгуулахаар Өмнөд Солонгосоос гадна Герман, Унгар, Энэтхэг, Катар, Өмнөд Африк, Турк өрсөлдөж байна.

Yonhap News AgencyYoo Jee-ho2 мин унших

Зураг: Yonhap News Agency

Өмнөд Солонгосын Хойд Чолла муж Сөүлтэй хамтран зохион байгуулах яриа хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа 2036 оны зуны олимпын наадмыг ганцаараа зохион байгуулах хүсэлт гаргахаа даваа гарагт мэдэгдсэнийг Yonhap агентлаг арваннэгдүгээр сарын 16-нд мэдээлэв.

Мэдэгдэлд дурдсанаар, мужийн захирагч Ли Вон Тэг, Сөүл хотын дарга О Сэ Хун нар өнгөрсөн пүрэв гарагт уулзаад “хоёр талын бодит нөхцөл, байр суурийг хүндэтгэн” хамтран өрсөлдөхөөс татгалзжээ. Мужаас дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна. “Бид одоо олимпыг ганцаараа зохион байгуулахын төлөө нэгдсэн хүчин чармайлт гаргана” гэж мужаас нэмж мэдэгджээ.

2025 оны хоёрдугаар сард Хойд Чолла муж Сөүлийг ялж, 2036 оны олимпод Өмнөд Солонгосын цорын ганц нэр дэвшигч болсон. Дараа нь муж тэмцээнийг ганцаараа зохион байгуулахад зочид буудал, тээвэр, тэмцээний талбай зэрэг дэд бүтэц хангалтгүй гэж дүгнээд, нийслэлтэй хамтран зохион байгуулах чиглэлд шилжсэн юм.

О Сэ Хун аравдугаар сарын 7-нд Хойд Чолла мужийн хамтран зохион байгуулах саналаас “татгалзах шалтгаан байхгүй” гэж хэлсэн ч тэмцээний талбай барих тодорхой төлөвлөгөө гаргахыг мужаас шаардаж байв.

Олон улсын олимпын хороо (ОУОХ) арваннэгдүгээр сарын 3-нд 2036 оны олимпыг зохион байгуулахаар хөөцөлдөж буй долоон орны жагсаалтад Герман, Унгар, Энэтхэг, Катар, Өмнөд Африк, Туркийн хамт Өмнөд Солонгосыг оруулжээ.

Нэр дэвшигчид арваннэгдүгээр сард багтаан ОУОХ-ны Ирээдүйн зохион байгуулагчийн комисст цахимаар танилцуулга хийх бөгөөд 2027 оны гуравдугаар сард ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл зохион байгуулахыг хүсэгчидтэй “стратегийн яриа хэлэлцээ” эхлүүлнэ.

Өмнөд Солонгос өмнө нь 1988 оны зуны олимпыг Сөүлд, 2018 оны өвлийн олимпыг зүүн хэсгийн уулархаг Пёнчан хотод зохион байгуулж байжээ.

Бусад мэдээ