Өмнөд Солонгосын Тэан эргээс Корёгийн үеийн хоёр хөлөг онгоцны үлдэгдэл илрэв
Модон шошгууд 13 дугаар зууны татварын будааны тээврийн сүлжээг нээн харуулж байна.

Өмнөд Солонгосын Тэан эргийн ойролцоо усан доорх археологичид Корёгийн үеийн хоёр хөлөг онгоцны үлдэгдлийг тогтоожээ гэж Кореа Таймс сонин мэдээлэв.
«Мадо 1, Мадо 5 нь нэг флотод харьяалагдаж, хамт хөдлөөд цаг агаарын таагүй байдалд өртөж, Тэаны аюултай усанд живсэн гэж таамаглаж байна» гэж Үндэсний далайн соёлын өвийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Жин Хо Шин хэлсэн байна.
Мадо 5 хөлөг онгоцноос хүрэл сав, олс, зангуу, будааны сүрэл зэрэг 54 эд зүйл олджээ. Хамгийн чухал нь ачааны замыг тэмдэглэсэн 26 бичээстэй модон шошго байв.
Шошгоноос үзэхэд ачааг 1207 оны 12 дугаар сард цуглуулж, хөлөг 1208 оны хавар баруун өмнөд Жолла мужаас нийслэл Кэгён руу хөдөлсөн аж.
2009 онд олдсон Мадо 1 хөлөг мөн 1208 оны хавар бараг ижил нөхцөлд живсэн юм. Гар бичгийн шинжилгээгээр хоёр хөлгийн ачааг нэг бичээч тэмдэглэсэн байж болзошгүй гэжээ.
Өмнөх хөлгийн газраас 100 метрийн зайд олдсон Мадо 6-гаас селадон тосны сав, модон шошго гарсан байна. Шошгонд дурдсан Сажу буюу өнөөгийн Сачон хот Корёгийн татварын 13 агуулахын нэг байрладаг газар байжээ.
Гёнсан бүс нутагтай шууд холбоотой хөлөг анх удаа олдсон нь худалдааны замын талаарх ойлголтыг өргөтгөж байна. Эрх баригчид ирэх жил бүрэн малтлага эхлүүлэхээр төлөвлөжээ.



