Орос-Африкийн дээд хэмжээний уулзалтад 22 улс төрийн тэргүүний түвшинд оролцоно
Африкийн 54 улсын 48 нь Москвад болох гурав дахь уулзалтад оролцохоо баталсан бөгөөд төгсгөлд нь 33 баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

Интерфакс агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 10 дугаар сарын 28, 29-нд Москвагийн Их Кремлийн ордонд болох Орос-Африкийн гурав дахь дээд хэмжээний уулзалтад оролцож, нээлтийн хуралдаанд олон улсын харилцааны өнөөгийн байдалд үнэлгээ өгнө. Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын хэлснээр, Африкийн 54 улсын 48 нь оролцохоо баталсан бөгөөд үүнээс 22 улс төрийн тэргүүний түвшинд төлөөлөгдөнө. 2023 онд Санкт-Петербургт болсон өмнөх уулзалтад Африкийн 48 орны 17 нь төрийн тэргүүний түвшинд оролцож байжээ.
Уулзалтыг Африкийн холбоог даргалж буй Бурундигийн Ерөнхийлөгч Эварист Ндайишимийе хамтран даргална. Африкийн холбоо, Африкийн тивийн чөлөөт худалдааны бүс, Зүүн Африкийн хамтын нийгэмлэг, Өмнөд Африкийн хөгжлийн хамтын нийгэмлэг, Баруун Африкийн орнуудын эдийн засгийн хамтын нийгэмлэг, Африкийн экспорт-импортын банк зэрэг бүс нутгийн байгууллагын удирдлагуудыг урьжээ. “Энэхүү уулзалт бидний Африкийн орнуудтай харилцаанд онцгой ач холбогдол өгч байгааг гэрчилж байна” гэж Ушаков хэлэв.
Арга хэмжээ Лхагва гарагт Орос-Африкийн гурав дахь эдийн засаг, хүмүүнлэгийн форумын нээлтийн хуралдаанаар эхэлнэ. Энэ жил олон салбарын 4 мянга орчим Орос, Африкийн бизнес эрхлэгчийг урьжээ. Путин Ндайишимийетэй хамт үг хэлэх бөгөөд Ушаковын хэлснээр, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, эрүүл мэнд, боловсролын салбар дахь харилцааны төлөв байдал, Африкийн орнуудын үндэсний бүрэн эрх, хүнс, нөөц, бордоо, орчин үеийн технологид шударга хүртээмжтэй байх асуудалд онцгой анхаарна.
Лхагва гарагт мөн Орос-Африкийн хэвлэл мэдээллийн форум, МГИМО-д залуучуудын форум, залуу дипломатчдын форум болно. Путин, Ндайишимийе болон Африкийн бусад удирдагчид Гостиный дворт Оросын эрчим хүч, байгалийн нөөц, хүнс, эм зүй, дижитал болон санхүүгийн дэд бүтцийн шийдлийн үзэсгэлэнг үзнэ. Дараа нь Путин бүс нутгийн тэргүүлэх байгууллагуудын удирдагчидтай ажлын уулзалт хийж, уулзалтын оролцогчдын хүндэтгэлд хүлээн авалт зохион байгуулна.
Пүрэв гарагт Их Кремлийн ордонд уулзалтын гол хоёр нэгдсэн хуралдаан болно. Эхний хуралдаанд Путин, Бурундигийн Ерөнхийлөгч, Африкийн бусад орны төр, засгийн тэргүүнүүд, Африкийн холбооны Комиссын дарга үг хэлнэ. Ушаковын хэлснээр, Путин олон туйлт байдал, бүх тусгаар улсын тэгш эрхэд суурилсан дэлхийн шинэ дэг журам бүрэлдэж буй байдал, Африкийн нөлөө өсч буйг онцолж, НҮБ болон бусад байгууллага дахь хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, Африкт хэрэгжүүлж буй хамтарсан төсөл, соёл, боловсролын солилцооны талаар ярина.
Ажлын өглөөний цайны хэлбэрээр болох хоёр дахь хуралдаанд эхнийх дээр үг хэлээгүй Африкийн бүх төлөөлөгчдийн тэргүүнд төлөөллийн түвшингээс үл хамааран үг хэлэх боломж олгоно. Хуралдааны дараа Орос-Африкийн хамтын ажиллагааны чиг хандлагыг тусгасан эцсийн тунхаглал, хиймэл оюун ухааны салбарын хамтын ажиллагааны тусдаа тунхаглал, Орос-Африкийн түншлэлийн форумын 2027-2029 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батална. Уулзалтын үр дүнд Африкийн янз бүрийн оронтой нийт 33 баримт бичигт гарын үсэг зурж, Путин, Ндайишимийе нар хэвлэлд хамтарсан мэдэгдэл хийнэ.



