Орос Киевт хийх довтолгоогоо эрчимжүүлж, нийслэл фронтын хот болж байна
Метроны буудлууд шөнийн хоргодох байр болж, сургуулиуд хоргодох байранд хичээллэж байгаа ч Киевийн оршин суугчдын дийлэнх нь шаардлагатай бол дайныг тэвчихэд бэлэн байна.

DW-гийн мэдээлснээр, хэдэн сарын өмнө хүртэл Киевт амьдрал Украины бусад фронтын шугамын ойролцоох газруудтай харьцуулахад харьцангуй тайван байсан бол Орос нийслэл рүү довтолгоогоо өргөжүүлэхийн хэрээр Киев улам бүр фронтын хот болж байна. 4 сая оршин суугчтай Киевт хоргодох байр хүрэлцэхгүй тул метроны буудлууд түр унтлагын байр болж, шөнө бүр 10 цагийн орчмоос хүмүүс гудас, жижиг майхнаар унтах газраа засдаг.
Лукьяновка дүүрэгт амьдардаг Галина 5 настай хүү Романаа тэвэрч “Бид амьд байна. Дахиад нэг удаа азтай байлаа” гэж DW-д хэлэв. Тэрбээр агаарын дохио дуугараагүй үед ч ихэнх орой хүүгээ хамгийн ойрын метроны буудал руу авч явдаг. Орос дайны дөрвөн жил найман сарын турш энэ дүүргийг системтэйгээр онилсоор ирсэн.
Есдүгээр сард Печерск дүүрэгт Оросын дрон орон сууцны барилгыг цохиход 14 настай Даниэль Уманский өрөөндөө гэрийн даалгавраа хийж байжээ. Хөрш Влад тэр өдөр хоцорсон нь тэдний амийг аварсан бөгөөд Даниэлийн үхэл бол эмгэнэл гэж хэлсэн. Даниэлийн дурсгалд эвдэрсэн барилгын өмнө цэцэг тарьсан байна.
Орос хүүхдүүдийн цуглардаг газрыг ч онилдог. Аравдугаар сарын эхээр Киевийн баруун өмнөд хэсэгт дрон сургуулийн барилгыг цохисон ч сурагч, багш нар тэр үед хоргодох байранд байжээ. Захирал Валентина Чорна 500 гаруй сурагч багтах том хоргодох байртай тул бүх сурагчдыг танхимаар сургаж байгаа гэж DW-д ярив. Гэхдээ хичээл болох эсэх нь хоргодох байр, агаарын дохио хэр удаан үргэлжлэхээс хамаардаг бөгөөд өглөө дохио дуугарвал хүүхдүүд тэр өдөр сургуульдаа явж чадахгүй байж болно.
Киев дэх DW-гийн товчооны нэгэн ажилтан энэ нь эцэг эхчүүдэд асар их ачаалал болж байгааг онцолж, ажилдаа явахад хүүхэд гэртээ ганцаараа үлддэг гэв. Есдүгээр сард Оросын дрон тэдний байрыг цохисон ч орон сууц нь гэмтээгүй бөгөөд охин нь тэр өглөө сургуульдаа байсан нь амьд үлдэх нь азаас хамаарах болсныг дахин сануулжээ.
Оросын довтолгоо 2026 онд илүү үхлийн аюултай болсон. Киевийн цэргийн захиргааны мэдээлснээр, оны эхний найман сард нийслэлд 140 хүн амь үрэгдсэн бол 2025 онд бүтэн жилд 172 хүн амь үрэгдсэн. Энэ хандлага үргэлжилбэл 2026 он 2022 онд Орос түрэмгийлснээс хойших Киевийн хамгийн их хохиролтой жил болж магадгүй. Агуулахуудыг довтолсноор супермаркетуудад дайны эхний саруудаас хойш байгаагүй хэмжээний хомсдол үүсч, есдүгээр сарын сүүлээр яаралтай цахилгаан тасалдал дахин эхэлжээ.
Эрчим хүчний дэд бүтэц цохилтод өртөж байгаа тул ирэх өвөл нийслэлийг дулаан, цахилгаан, усаар хэрхэн найдвартай хангах нь тодорхойгүй байна. Гэсэн ч Киевийн олон улсын социологийн хүрээлэнгийн мэдээлснээр, есдүгээр сард хотын оршин суугчдын 72 хувь нь шаардлагатай бол дайныг тэвчихэд бэлэн гэж хариулжээ.
Эрх баригчид хотод хэвийн амьдралыг хадгалахыг хичээж, хөл хориог богиносгон шөнийн 1 цагаас өглөөний 5 цаг хүртэл болгосон. Шар дохионы үед зарим байгууллага ажиллахыг зөвшөөрдөг ч улаан дохионы үед баллистик, далавчит пуужин эсвэл хосолсон томоохон довтолгоо болж болзошгүй тул хүмүүс даруй хоргодох ёстой.



