Орос, Норвеги 2027 онд сагамхай загас агнах квотоо 14 хувиар нэмэв

Орос, Норвегийн загас агнуурын хамтарсан комиссын шийдвэрээр хоёр орны 2027 оны сагамхай загас агнах нийт квот 325 мянган тонн болохыг Оросын Загасны аж ахуйн газар комиссын 57 дахь хуралдааны дүнгээр мэдэгдсэнийг Интерфакс агентлаг мэдээлэв. Энэ нь 2026 оны 285 мянган тонны квотоос 14 хувиар өссөн үзүүлэлт юм.
Үүнээс гадна пикша загасны квот 18 хувиар нэмэгдэж 180 мянган тонн болсон бөгөөд комисс палтус, окунь загасны агнуурын зохицуулалт болон 2027 оны хамтарсан шинжлэх ухааны судалгааны хөтөлбөрийг баталжээ.
Загасны аж ахуйн газрын хэвлэлийн албаны хэлснээр комиссын хуралдаан сүүлийн хэдэн жилд анх удаа гуравдагч орны нутагт, Туркийн Истанбул хотод биечлэн болсон. 2026 оны сагамхайн квот өмнөх оныхоос 16 хувиар бага байсан бөгөөд 1991 оноос хойшхи хамгийн бага квот болж байжээ.
Хамтарсан комисс 1976 онд байгуулагдсан бөгөөд усны биологийн нөөцийг зохистой ашиглах зорилготой. Талууд жил бүр хамтын нөөцийн агнах боломжит хэмжээ, квотыг тогтоож, агнуурын зохицуулалтын асуудлыг хэлэлцэж, шинжлэх ухааны мэдээлэл солилцдог.


