Оросын Роскомнадзор сошиал сүлжээнд хүүхдийг заавал таниулах хуулийн төсөл санал болгов
Судалгаагаар оросуудын тал гаруй нь хүүхэд, өсвөр насныхны сошиал сүлжээ ашиглах явдалд хязгаарлалт тогтоохыг дэмжиж байгаа бол хүүхдүүд өдөрт дунджаар 88 минутыг тэнд өнгөрөөж байна.

Оросын харилцаа холбоо, мэдээллийн технологийн хяналтын алба болох Роскомнадзор сошиал сүлжээнд хүүхдийг заавал таниулах тухай хуулийн төслийг Төрийн Думын Мэдээллийн бодлогын хороонд хүргүүлжээ. Энэ тухай тус албаны төлөөлөгч хорооны хуралдаан дээр мэдэгдсэнийг Ведомости сонин мэдээлэв.
Роскомнадзор мөн 14 хүртэлх насны хүүхдийн интернэтэд өнгөрөөх цагийг багасгахыг санал болгосон байна. Албаны төлөөлөгчийн хэлснээр, энэ арга хэмжээ насанд хүрээгүй хүмүүсийн хориотой агуулгад хандах боломжийг хязгаарлахад чиглэсэн юм.
Дижитал хөгжлийн сайд Максут Шадаев 6 дугаар сард яам онлайн платформын хэрэглэгчдийн насыг баталгаажуулах арга хэрэгсэл нэвтрүүлэх боломжийг судалж байгааг мэдэгдсэн. Түүний хэлснээр, яам гадаадын туршлага, тухайлбал Роблокс тоглоомын платформын нас тодорхойлох системийг судалж байна.
Олон нийтийн санаа бодлыг судлах Бүх Оросын төвийн 10 дугаар сарын 20-нд танилцуулсан судалгаагаар оросуудын 59 хувь нь хүүхэд, өсвөр насныхны сошиал сүлжээ ашиглах явдалд хязгаарлалт тогтоохыг дэмжжээ. Судалгаанд оролцогчдын 27 хувь нь 16 хүртэлх насны хүүхдийг зөвхөн эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр эдгээр платформд хандуулахыг, 12 хувь нь бүрэн хориглохыг дэмжиж байна.
Хүүхэд хянах нэгэн үйлчилгээ 9 дүгээр сард насанд хүрээгүй хүмүүс сошиал сүлжээнд өдөрт дунджаар 88 минут зарцуулдаг гэж мэдээлсэн. Хамгийн их цагийг 13 настай өсвөр насныхан буюу өдөрт 100 орчим минутыг сошиал сүлжээнд өнгөрөөдөг байна.



