Оросын Төрийн Думын хамгийн баян 10 гишүүн нийт депутатын орлогын 65 хувийг эзэлж байна
Ведомости сонины тооцоогоор Новатэк компанийн удирдах зөвлөлийн дарга асан Леонид Симановский 5.96 тэрбум рублийн орлогоор тэргүүлжээ.

Оросын Төрийн Думын хамгийн өндөр орлоготой 10 депутат парламентын гишүүдийн мэдүүлэгт тусгагдсан нийт орлогын 65 хувийг бүрдүүлж байгааг Ведомости сонины тооцоо харуулжээ. Орлогоор Новатэк компанийн удирдах зөвлөлийн дарга асан, намын жагсаалтаар сонгогдсон Леонид Симановский 5.96 тэрбум рубль буюу депутатуудын нийт орлогын дөрөвний нэг орчмыг мэдүүлж тэргүүлжээ.
Хоёрдугаарт олон жилийн парламентын гишүүн, хэд хэдэн аж ахуйн нэгжийн хамтран эзэмшигч Григорий Аникеев 2.43 тэрбум рублийн орлоготой, гуравдугаарт Халимагийн тойргийг төлөөлөх Михаил Богатов 2.14 тэрбум рублийн орлоготой байна. Анх удаа депутат болж буй Богатов депутатуудын дунд хамгийн том буюу 157 тээврийн хэрэгсэл эзэмшдэг.
Мэдүүлэг өгөх үеийн депутатуудын банкны данс дахь нийт хөрөнгө 44.4 тэрбум рубльд хүрсний 17.5 тэрбумыг Симановский, 5.1 тэрбумыг Тээврийн сайд асан Виталий Савельев, 4.5 тэрбум рублийг анх удаа сонгогдсон Геннадий Букаев эзэмшиж байна.
Есдүгээр сарын 18-20-нд болсон Төрийн Думын есдүгээр бүрэлдэхүүний сонгуулийн ирц 59.32 хувь байсан бөгөөд Нэгдсэн Орос нам 57.96, Коммунист нам 13.67, ЛДПР 8.96, Шинэ хүмүүс нам 7.91, Шударга Орос нам 5.1 хувийн санал авчээ.



