Песков Украины асуудлаарх хэлэлцээрт газар нутгийн буулт хэлэлцэгдэж болохыг үгүйсгэсэнгүй
Орос, АНУ, Украины гурван талт хэлэлцээрийг 11-р сарын 4-ний дараа сэргээхэд Москва бэлэн бөгөөд Абу-Дабиг хэлэлцээрийн газар болгохоор авч үзэж байна.

Газар нутгийн буултын асуудал Украины асуудлыг зохицуулах удахгүй болох гурван талт хэлэлцээрийн сэдэв болж болно гэж Кремль мэдэгдсэнийг Интерфакс мэдээлэв. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Даваа гарагт энэ талаарх асуултад хариулахдаа эдгээр бүх асуудал энх тайвны зохицуулалтын оролдлогын явцад хэлэлцэгдэж болох бөгөөд маш олон нарийн ширийн зүйлээс бүрдсэн нухацтай яриа өрнөнө гэж хэлэв.
Песков эдгээр нарийн ширийн зүйлийг олон нийтийн өмнө хэлэлцэх нь ирээдүйн энх тайвны үйл явцад хор хөнөөл учруулна гэж үзэж байгаа тул ил хэлэлцэхийг хүсэхгүй байгаагаа онцолжээ.
Үүнээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткоффтой хийсэн яриа хэлэлцээний үеэр Орос, АНУ, Украины гурван талт хэлэлцээрийг 11-р сарын арван хэдэн гэхэд сэргээхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн гэж хэлсэн юм. Ушаков Орос 11-р сарын 4-ний Ард түмний эв нэгдлийн өдрийн дараа хэлэлцээрийг сэргээхэд бэлэн гэж тодотгосон бол Песков дараа нь Абу-Даби хэлэлцээрийн газар болохоор авч үзэгдэж байна гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 10-р сарын 25-ны Ням гарагт сэтгүүлчдэд Украины асуудлаарх гурван талт хэлэлцээр маш удахгүй болно гэж хэлсэн юм.



