Путин төрийн байгууллагууд нийгмийн сүлжээний үйл ажиллагаанд нөлөөлөх боломжтой байх ёстой гэж мэдэгдэв
ОХУ-ын Ерөнхийлөгч Францын үймээн болон Ираны жагсаалыг жишээ болгон, мэдээллийн салбарт бүрэн эрхт байдалгүй бол бүрэн эрхт байдал байхгүй гэж хэлэв.

Төрийн байгууллагууд аюулгүй байдлыг хангахын тулд улсдаа нийгмийн сүлжээний үйл ажиллагаанд нөлөөлөх боломжтой байх ёстой гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Орос-Африкийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд болсон үзэсгэлэнгийн үеэр мэдэгджээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.
Путин үгээ батлахын тулд Францад дэгдсэн үймээнийг жишээ болгожээ. «Францын удирдлага ч одоо Францын томоохон хотуудад болж буй үйл явдалд Францын хувьд бүрэн эрхт бус нийгмийн сүлжээнүүд нөлөөлж байгааг онцолж байна. Тэд улсдаа нийгмийн сүлжээний үйл ажиллагаанд хэцүүхэн нөлөөлдөг эсвэл огт нөлөөлж чаддаггүй» гэж тэрбээр хэлэв.
Тэрбээр мөн хямралын үед Ираны гудамжинд болсон үйл явдлыг ихээхэн хэмжээгээр Ираны эрх баригчдын удирдаж, хянадаггүй байсан нийгмийн сүлжээгээр өдөөсөн гэдгийг тэмдэглэжээ.
Путины хэлснээр, улс орон мэдээллийн салбарт бүрэн эрхт байдалгүй бол бүрэн эрхт байдал байхгүй юм. Түүний хэлснээр, Ираны эрх баригчид ганцхан зүйл буюу «бүгдийг унтраах» л боломжтой байсан бөгөөд тэрбээр үүнийг хэцүү ажил гэж нэмж хэлжээ.
Путин энэ талаар улс төрийн үнэлгээ өгөхийг хүсэхгүй байгаагаа хэлж, зөвхөн бодит байдал дээр юу болсныг ярьж байгаа гэдгээ онцолсон юм.



