Эрчим хүч

Саудын Араб 2027 оны хоёрдугаар хагасаас Сингапурт нефть хадгалж эхэлнэ

Нефтийг Сингапурын Журонг арлын газар доорх хадан агуулахуудад хадгалах бөгөөд энэ нь Азийн эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Саудын Араб Азийн эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд Сингапурт нефтийн нөөцөө байршуулахаар төлөвлөж байгааг Ашарк аль-Аусат сонин мэдээлснийг Интерфакс бичив. Хоёр орны эрчим хүчний сайд нарын мэдэгдсэнээр Саудын Араб 2027 оны хоёрдугаар хагасаас эхлэн Сингапурын Журонг дахь газар доорх хадан агуулахуудад нефть хадгалахаар төлөвлөж байна.

Сингапурын Эрчим хүч, худалдаа, аж үйлдвэрийн сайд Тан Си Лэн Сингапурын олон улсын эрчим хүчний долоо хоногийн үеэр үг хэлэхдээ хоёр улс Саудын нефтийг Журонгийн газар доорх агуулахуудад хадгалах механизм бий болгох хамтын хүсэл зоригоо зарлаж байгаа бөгөөд энэ тохиролцоо Зүүн өмнөд Ази руу хийх Саудын нефтийн нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг дээшлүүлж, нийлүүлэлт тасалдсан тохиолдолд Сингапурын эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэв.

Саудын Арабын Эрчим хүчний сайд ханхүү Абдулазиз бин Салман бага хурлын оролцогчдод хандсан видео мэндчилгээндээ нийлүүлэлтийн эх үүсвэрийг Азийн гол зах зээлүүдэд ойртуулах нь нийлүүлэлтийн сүлжээг илүү уян хатан болгож, Сингапурын эрчим хүчний аюулгүй байдал, гэнэтийн нөхцөл байдалд бэлэн байдлыг дэмжинэ гэж хэлэв.

Журонг арлын 150 метрийн гүнд байрлах газар доорх агуулахууд нефть, хийн конденсат зэрэг шингэн нүүрсустөрөгчийн 1.47 сая шоо метр буюу ойролцоогоор 9 сая баррель хүртэлх нөөц багтаах чадалтай. Саудын Арамко компани одоогоор Япон, Өмнөд Солонгост нефть хадгалж байгаа бөгөөд гэрээний нөхцөлөөр гэнэтийн хомсдол үүсвэл тухайн улсын засгийн газар эдгээр агуулах дахь нефтийг худалдан авах давуу эрхтэй байдаг.

Бусад мэдээ