Сенегал Африкт анх удаа олимпийн наадам зохион байгуулж байна
Наадамд 25 төрлийн спортын 153 медалийн төрөлд тэмцээн болох юм.

Сенегал Бямба гарагт Залуучуудын олимпийн наадмыг нээж, Африкт анх удаа олимпийн тэмцээн зохион байгуулж байна гэж Африканьюс мэдээлжээ. Тив олон улсын спортын тэмцээнд илүү том үүрэг гүйцэтгэхийг зорьж байгаа юм.
14-17 насны 2700 орчим залуу тамирчин 11 дүгээр сарын 13 хүртэл нийслэл Дакар, ойролцоох Диамниадио хот, Сали амралтын газарт өрсөлдөх юм.
Нээлтийн ёслолд хэдэн зуун бүжигчин Сенегал болон Африкийн соёлыг магтан дуулсан тоглолтод оролцоно. Ёслолд наадмын элчин сайд болох Сенегал гаралтай Францын жүжигчин Омар Си, Сенегал-Италийн ТикТок од Хаби Ламе нар ирэх төлөвтэй байна.
«Энэ бол Сенегал, улмаар Африкийн хувьд шинэ спортын төрлүүдтэй танилцах анхны боломж юм» гэж Сенегалын оюутан Томас Дьеме хэлжээ.
Ерөнхийлөгч Бассиру Диомай Фай орон нутгийн цагаар оройн 6:30 цагт Диамниадио цэнгэлдэхэд наадмыг нээнэ. Ёслолд Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Кирсти Ковентри болон зарим улсын тэргүүн оролцох төлөвтэй байна.
Наадмын бэлгэ тэмдэг Айо нь фулани үндэстний уламжлалт малгай өмссөн залуу арслан бөгөөд нэр нь Нигери болон Баруун Африкийн хөрш орнуудад ярьдаг йоруба хэлээр «баяр баясгалан» гэсэн утгатай.
Залуучуудын олимп нь Зуны олимпоос жижиг тэмцээн юм. Анхны зуны наадмыг 2010 онд Сингапур зохион байгуулсан. Дакар 2022 онд зохион байгуулах байсан ч коронавирусын цар тахлын улмаас дөрвөн жилээр хойшилжээ.
Тамирчид хөнгөн атлетик, усан сэлэлт, 3х3 сагсан бөмбөг зэрэг 25 төрлийн спортын 153 медалийн төрөлд өрсөлдөх юм. Сарьсан багана, бээлийгүй тоглодог бейсболын таван хүний хувилбар, хятад ушу, далайн эргийн сэлүүрт завины спринт, элсэн дээрх бөх анх удаа Залуучуудын олимпод орж байна.
Элсэн дээрх бөх нь мөн элсэн дээр барилддаг Сенегалын үндэсний бөхийг хүндэтгэсэн хэрэг юм. Залуучуудын олимпод анх удаа оролцох дүрвэгсдийн баг Кени, Угандад амьдардаг зургаан тамирчинтайгаар хөнгөн атлетик, жүдо, таеквондогийн төрөлд өрсөлдөнө.



