Си Жиньпин намын сахилга батыг онцолсон Хятадын улс төрийн хуралдаанаар дээд амжилттай тооны гишүүнийг хөөжээ
Хуралдаанд Төв хорооны 279 гишүүн оролцсон нь сүүлийн жилүүдийн хамгийн бага ирц болжээ.

Хятадын Коммунист намын жил бүрийн томоохон улс төрийн хуралдаан өндөрлөхөд дээд амжилт болох 33 гишүүнийг намаас хөөжээ. Энэ тухай Би Би Си мэдээлэв.
Тав дахь бүгд хуралд Төв хорооны 279 гишүүн оролцсон бол 2025 оны аравдугаар сарын дөрөв дэх бүгд хуралд 315, 2024 оны долдугаар сарын гурав дахь бүгд хуралд 364 гишүүн оролцсон байв. Си Жиньпин 2012 онд засгийн эрхэнд гарснаас хойш 14 жилийн хугацаанд бүгд хурлын ирц анх удаа 300-аас доош оржээ.
Пүрэв гарагт нийтэлсэн мэдэгдлээр хөөгдсөн 33 гишүүний арван зургаа нь армийнх юм. Тэдэнд «сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн» гэхээс өөр ямар буруутгал тулгасан нь тодорхойгүй байна. Си Жиньпингийн гурав дахь бүрэн эрхийн хугацаанд хөөгдсөн гишүүдийн тоо 51 болж, эхний болон хоёр дахь бүрэн эрхийн үеийн 34, таван гишүүнээс давжээ.
Хятадын авлигатай тэмцэх дээд байгууллагын мэдээлснээр энэ оны эхний есөн сард намын аппаратын 680 мянган хүнд сахилгын шийтгэл ногдуулжээ.
Хөөгдсөн өндөр албан тушаалтнуудын дунд Шинжааны намын хорооны нарийн бичгийн дарга асан Ма Шинруй, генерал асан Жан Ёүша, Лю Жэньли нар байна. Төв цэргийн зөвлөлийн орлогч дарга байсан Жан Ёүша огцорсны дараа долоон гишүүнтэй зөвлөлд зөвхөн дарга Си Жиньпин, орлогч дарга Жан Шэнминь гэсэн хоёр гишүүн үлджээ.
«Си өөрийн дэвшүүлсэн хүмүүсийг огцруулахаас төдийлөн эргэлздэггүй. Тэрбээр бараг эсэргүүцэлгүйгээр дураараа ийм алхам хийж байгаа нь түүний байр суурь одоогоор ямар их бат бөх байгааг харуулж байна» гэж Карнегийн Хятад судлалын төвийн эрдэмтэн Чон Жа Иан хэлжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар сахилга батыг онцолж байгаагийн нэг шалтгаан нь ирэх жил болох Намын их хурал юм. 2027 онд удирдлагын бүрэлдэхүүн шинэчлэгдэх бөгөөд олон шинжээч Си Жиньпин дөрөв дэх бүрэн эрхийн хугацаанд ч удирдах албан тушаалаа хадгална гэж хүлээж байна.



