Тайланд хоёр уйгур эрийг Хятад руу албадан гаргах эрсдэлтэй байгааг хүний эрхийн байгууллагууд анхааруулжээ
Албадан гаргагдах эрсдэлтэй уйгур эрийн нэг нь Хятад руу буцаагдвал боол мэт болно гэж захидалдаа бичсэн байна.

Тайландаас Хятад руу дахин хоёр уйгур эрийг албадан гаргавал тэдний амь насанд ноцтой аюул учирна гэж идэвхтнүүд анхааруулсныг Гардиан сонин мэдээлжээ.
Тайландын эрх баригчид өнгөрсөн жил эрчүүд өөрсдөө болон НҮБ-ын гуйлтыг үл харгалзан 40 уйгур эрийг Хятад руу албадан гаргажээ. АНУ, Канад тэднийг хүлээн авахыг санал болгосон гэх ч Бангкок Бээжинг бухимдуулахаас зайлсхийсэн бололтой. Буцаагдсан хүмүүс хаана байгаа нь тодорхойгүй хэвээр байгааг НҮБ мэдэгджээ.
Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр, хоёр уйгур эрийг саяхан цагаачлалын хорих төвд шилжүүлсэн бөгөөд Тайландын эрх баригчид Бээжингийн шахалтад дахин бууж өгөх вий гэж тэд эмээж байна.
«Тайландын өмнөх засгийн газрууд уйгуруудыг олон жил хүнлэг бус нөхцөлд хорьж, дараа нь Бээжингийн шаардлагаар Хятад руу илгээж, тэд сураггүй алга болсон» гэж Хьюман Райтс Вотч байгууллагын Азийн хэлтсийн захирал Элейн Пирсон хэлсэн байна.
Хоёр эр 2020 оны нэгдүгээр сард цагаачлалын хорих төвөөс оргохыг оролдсонтой холбоотой гэмт хэргээр долоон жилийн хорих ял эдэлж байжээ. Тэд 2014 онд Хятадаас зугтаж, Малайзын хилийн ойролцоо Тайландын цагдаад баривчлагдсан 200 гаруй уйгурын бүлэгт багтаж байсан юм. Нэг эрийн найз охин Марзейя Касемийн хуваалцсан захидалд тэрээр Хятад руу буцаагдвал боол мэт болно гэж бичжээ.
Тайландын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Чайпруак Доунгпрапат хоёр эр болон шоронд байгаа өөр гурван уйгурыг Хятадад баривчлах тогтоолтой гэж сэтгүүлчдэд хэлсэн байна. Харин Касем найз залуугаа Хятадаас гарахдаа насанд хүрээгүй байсныг дурдаж, ийм тогтоолын үнэн зөвийг эргэлзээтэй гэж үзэж байна.
Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч хоёр орны хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагаа олон улсын хууль, практикт нийцдэг гэж мэдэгдсэн бол Тайландын Гадаад хэргийн яам тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Гол төлөв Хятадын Шинжаан мужаас гаралтай түрэг үндэстний цөөнх болох уйгурууд олон арван жил хэлмэгдэж, тэдний олон зуун мянган хүнийг соёлын онцлогийг нь устгах зорилготой хорих лагерьт хорьсон юм.



