Ташкентын агаарын чанар Даваа гарагт эрүүл мэндэд хортой түвшинд байна
Шөнийн хүйтрэлт, сул салхи, температурын инверсийн улмаас нарийн ширхэгтэй тоосонцор агаарын доод давхаргад хуримтлагджээ.

Узбекистаны нийслэл Ташкентын агаарын чанар Даваа гарагийн турш олон улсын агаарын чанарын индексээр эрүүл мэндэд хортой, үндэсний индексээр дунд зэргийн түвшинд байх төлөвтэйг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах тусгай комисс анхааруулсныг Газета.uz мэдээлэв.
10-р сарын 26-ны шөнө агаар дахь нарийн ширхэгтэй тоосонцрын агууламж нэмэгдэж, олон улсын индексээр бохирдол таагүй ангилалд хүрчээ. Үндэсний индексээр хотын дундаж үзүүлэлт PM2.5 тоосонцроор шар буюу дунд зэргийн, PM10 тоосонцроор улбар шар буюу эмзэг бүлгийнхэнд хортой түвшинд байв.
Комиссын мэдээлснээр шөнийн цагаар температур огцом буурч, салхи сул, температурын инверсийн улмаас агаарын доод давхаргын агаар солилцоо хязгаарлагдаж, тоосонцор газрын гадаргын ойролцоо хуримтлагдсан тул бохирдол шөнө болон өглөө өндөр хэвээр байжээ. Хиймэл дагуулын зургаар 10-р сарын 26-ны 0:00-8:00 цагийн хооронд Ташкент болон ойр орчмын нутгийн агаар мандалд тоос ажиглагдсан байна.
Хөдөлгөөнт лабораторийн шөнийн хэмжилтээр PM2.5 тоосонцрын бохирдол олон улсын индексээр эрүүл мэндэд хортой болон маш хортой ангилалд хүрсэн байна.
/file/attachments/2999/gettyimages-2286963418_351131.jpeg)


