ТикТокийн толгой компани Байтдансын үүсгэн байгуулагч дахин Хятадын хамгийн баян хүн болов
Хиймэл оюун ухаан Хятадын баячуудын жагсаалтад хөрөнгийн хамгийн том эх үүсвэр болж, үл хөдлөх хөрөнгө, хэрэглээний салбарын бизнес эрхлэгчдийн хөрөнгө буурчээ.

Байтданс компанийн үүсгэн байгуулагч Жан Имин компани нь хиймэл оюун ухааны салбарт эрчимтэй орсны ачаар Хятадын хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг дахин тэргүүлжээ. Хурун судалгааны хүрээлэнгийн мягмар гарагт нийтэлсэн жагсаалт өндөр технологийн салбар өсөж, хэрэглээ, үл хөдлөх хөрөнгийн салбар дарамтад байгааг харуулсныг Си Би Эс Ньюс телевиз мэдээлэв.
1999 оноос хойш жил бүр жагсаалт гаргадаг хүрээлэн 5 тэрбум юанаас (ойролцоогоор 750 сая ам.доллар) дээш хөрөнгөтэй 1,529 хүнийг тоолсон нь дээд амжилт бөгөөд өнгөрсөн оныхоос 6.6 хувиар өсчээ. Ам.доллараар тэрбумтан хүмүүсийн тоо 155-аар нэмэгдэж 1,176 болсон нь АНУ-ынхаас 176-аар олон ч 2021 оны 1,185-аас бага зэрэг доогуур байна.
Хурун тайлангийн дарга Руперт Хугверфийн мэдэгдлээр, Жан Имин 43 хувиар өссөн 100 тэрбум ам.долларын хөрөнгөөр жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд энэ нь Хятадын хамгийн баян хүний хувьд дээд амжилт юм. Хугверфийн хэлснээр, энэ хөрөнгө бараг бүхэлдээ хиймэл оюун ухаанаас бий болсон бөгөөд Байтдансын Доубао нь Хятадад хамгийн их хэрэглэгддэг хиймэл оюун ухааны туслах юм. Хиймэл оюун ухаан жагсаалтын хөрөнгийн хамгийн том ганц эх үүсвэр бөгөөд 160 хүн буюу 10 хүн тутмын нэг нь хиймэл оюун ухаанаас мөнгө олдог.
Байтданс бол богино видеоны алдартай ТикТок, Доуин платформын толгой компани юм. Олон жилийн үндэсний аюулгүй байдлын санаа зовнилоос болж АНУ-д хориглогдох шахсан ТикТокийн Америк дахь үйл ажиллагааг 1 дүгээр сард голдуу Америкийн хөрөнгө оруулагчдаас бүрдсэн шинэ хамтарсан компанид шилжүүлсэн бөгөөд Байтданс АНУ-ын салбарт цөөнхийн хувьцаа эзэмшсээр байна. Хөрөнгө оруулагчдын нэг нь Ларри Эллисоны тэргүүлдэг Оракл компани бөгөөд түүний хүү Дэвид Эллисон Си Би Эс Ньюсийн толгой компани Скайданс корпорацийг хамтран удирддаг.
Савласан усны магнат Жун Шаньшань 23 хувиар буурсан 61 тэрбум ам.долларын хөрөнгөөр хоёрдугаар байрт орсон бол цахилгаан автомашины батерейн дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч Си Эй Ти Эл компанийн дарга Робин Зэн гуравдугаарт орсон байна. Хятадын хиймэл оюун ухааны ДийпСийк стартапыг үүсгэн байгуулагч Лян Вэньфэн жагсаалтад анх удаа орж долоодугаар байр эзэлсэн бол хиймэл оюун ухааны чип үйлдвэрлэгч Камбрикон компанийн дарга Чэнь Тяньши 10-т жагсжээ.
«Энэ жилийн өсөлт туйлширсан байдалтай байлаа. Хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, роботын салбарын бизнес эрхлэгчид урагшилж байхад хэрэглээ, үл хөдлөх хөрөнгө, уламжлалт үйлдвэрлэлийнхний хөрөнгө багассан нь хоёр хурдтай эдийн засаг юм» гэж Хугверф хэлэв. Хятад өнгөрсөн долоо хоногт экспорт эрчимтэй байсны ачаар эдийн засаг нь гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар өссөнийг мэдэгдэж, 2026 оны албан ёсны зорилтдоо ойртсон. Хятадын удирдагчид энэ жилийн өсөлтийн зорилтыг 4.5 хувиас 5 хувь гэж тогтоосон нь өнгөрсөн оны 5 хувийн өсөлтөөс бага юм.
Хиймэл оюун ухаан, цахилгаан автомашин зэрэг технологийг төр дэмжиж байгаа тул зарим салбар цэцэглэж байгаа ч жижиг бизнес эрхлэгчид хэрэглэгчид зардлаа танаж байгаа тул хүнд үеийг туулж байна. Олон жил үргэлжилсэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт дотоодын эрэлтийг сулруулсаар байна. Хугверфийн хэлснээр, ухаалаг электрон бараа үйлдвэрлэгч Шаоми компанийн дарга Лэй Жүний хөрөнгө хоёр дахин буурч 25.1 тэрбум ам.доллар болсон нь энэ жилийн хамгийн их уналт болжээ. Мөн анх удаа эх газрын нэг ч үл хөдлөх хөрөнгийн компани эхний 100-д ороогүй байна.
