Top Gun, Alien киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсөв
Эрх мэдэлтэй ч ухаалаг, эелдэг дүрүүдээрээ танигдсан, Picket Fences цувралаараа Эмми шагнал хүртсэн Америкийн жүжигчин Том Скерритт Лхагва гарагт өөд болжээ.

France 24-ийн мэдээлж буйгаар, Америкийн жүжигчин Том Скерритт (Tom Skerritt) Лхагва гарагт байгалийн жамаар 93 насандаа таалал төгсчээ. Гэр бүлийнхэн нь мэдэгдэлдээ дэлхий түүнийг гайхамшигт уран бүтээлээр нь таньдаг бол өөрсдөө түүнийг хошин шог, сониуч зан, мэргэн ухаан, өгөөмөр сэтгэлээр нь санах болно гэжээ. Тэд Скерриттийг төсөөлөл, бүтээлч сэтгэлгээ, ахмад дайчид, байгальд чин сэтгэлээсээ санаа тавьдаг байсныг онцолсон байна.
Скерритт 1979 оны Alien кинонд Nostromo хөлгийн хувь заяа нь шийдэгдсэн ахмадын, 1986 оны Top Gun кинонд Том Крузын хатуу ширүүн нисгэгч багшийн дүрийг бүтээснээрээ олонд танигдсан. Дэвид Э. Келлигийн бүтээсэн Picket Fences цувралд эелдэг шерифийн дүрээр 1993 онд драмын цувралын шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчний Эмми шагнал хүртжээ. 1992–1996 онд гарсан уг цуврал нийтдээ 14 Эмми, нэг Алтан бөмбөрцөг шагнал авсан бөгөөд тэрбээр Кэти Бейкертэй хамтран тоглосон юм.
Детройтын дундаж давхаргын гэр бүлд өссөн Скерритт Агаарын цэргийн хүчинд дөрвөн жил алба хааж, Уэйн Стейтийн их сургуульд суралцсаны дараа Citizen Kane киноноос урам авч Калифорнийн их сургуулийн Лос-Анжелесийн салбарт кино урлаг сурчээ. Лос-Анжелесийн театрт The Rainmaker жүжигт тоглосноор 1962 онд 250 мянган ам.долларын төсөвтэй War Hunt хэмээх Солонгосын дайны тухай бие даасан кинонд анхны дүрээ авсан бөгөөд энэ кино Роберт Редфорд, Сидни Поллак, Фрэнсис Форд Коппола нарын анхны бүтээл ч болжээ.
Анхны киноныхоо дараа Скерритт удаан хугацаанд жижиг дүрүүдэд тоглосон бөгөөд Роберт Олтманы M.A.S.H., Thieves Like Us, Хэл Эшбигийн Harold and Maude кинонд гарчээ. The Turning Point кинонд Ширли Маклейны нөхрийн дүрд тоглосноор National Board of Review-гийн шагнал хүртэж, байдал өөрчлөгдсөн юм. Тэрбээр мөн Steel Magnolias кинонд Салли Филдийн нөхөр, Contact кинонд Жоди Фостерт саад болох ашиг хонжоо хайгчийн дүрийг бүтээжээ.
Нэг гол дүрийн төлөө өрсөлдөж байсан Редфорд хожим найруулагч болохдоо A River Runs Through It кинонд Скерриттэд хатуу чанга пастор Жон Маклейны дүрийг өгсөн бөгөөд тэд насан туршийн найз болжээ. Өнгөрсөн жил өөд болсон Редфорд 2007 онд Seattle Times сонинд Скерриттийн үнэт зүйлс өөрийнхтэй ойр, тэр шударга зангаа хадгалсан гэж ярьж байв.
Скерритт 1997 онд Seattle Post-Intelligencer сонинд “Нэг зохиолч намайг гол дүрийн эрэгтэйн биед хоригдсон дүрийн жүжигчин гэж тодорхойлсон бөгөөд би үүнд үргэлж дуртай байсан” гэж ярьж байжээ. Тэрбээр 2004 онд Сиэтлийн Intiman театрт Our Town жүжгийн өгүүлэгчээр тоглож, 2013 онд Жон Гришэмийн A Time to Kill зохиолоор бүтээсэн жүжгээр Бродвейд анх гарчээ. Анхны мөрөөдөл нь найруулагч, зохиолч болох байсан ч жүжигчний ажил давамгайлж, 1997 онд Divided by Hate телевизийн киног найруулж, гол дүрд нь тоглосон байна.
Телевизэд тэрбээр ABC-ийн Brothers and Sisters цувралд Уильям Уокер, TNT-ийн Leverage-д Жимми Форд, Cheers цувралд Эван Дрейкийн дүрийг бүтээж, Hallmark-ийн What the Deaf Man Heard кинонд Мэттью Модин, Жудит Айви, Жеймс Эрл Жонс нартай хамтран тоглосон. Мөн Guess жинсэн өмдний загвар өмсөгч байжээ. Скерритт гурав дахь эхнэр Жули Токашики болон таван хүүхдээ үлдээжээ.



