Шүүх Трампыг BBC-гийн эсрэг нэхэмжлэлийн хүрээнд 12 дугаар сарын 11 гэхэд тангараг өргөн мэдүүлэг өгөхийг үүрэгдэв
Трамп заасан хугацаанд мэдүүлэг өгөхгүй бол түүний BBC-гийн эсрэг гүтгэлгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хүртэл хариуцлага хүлээж болзошгүй боллоо.

BBC-гийн мэдээлж буйгаар, АНУ-ын шүүгч Дональд Трампыг BBC-гийн эсрэг гаргасан гүтгэлгийн нэхэмжлэлийн хүрээнд 12 дугаар сарын 11 гэхэд тангараг өргөн асуултад хариулахыг үүрэгдэв. Магистрат шүүгч Энжоликэ Летт (Enjoliqué Lett) нотлох баримт солилцох хугацааг сунгахгүй л бол Трамп энэ хугацаанд мэдүүлгээ өгөх ёстой, эс бөгөөс хариуцлага хүлээх бөгөөд хамгийн хатуу нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох байж болно гэж шийдвэрлэжээ.
Трамп өмнө нь 10 дугаар сарын 16-нд товлосон мэдүүлгээ «үндэсний ач холбогдолтой асуудал»-ыг шалтаглан цуцалсан. Харин BBC-гийн өмгөөлөгч тэр өдөр Трамп Жоржиа мужид сонгуулийн кампанит ажил хийж, “үүнийгээ илүүд үзсэн” гэж шүүхэд хэлэв. Тэр өдөр Трамп Жоржиагийн Далтон хотод завсрын сонгуулийн цуглаанд оролцож, Флорида дахь Мар-а-Лаго эдлэндээ хандив цуглуулах арга хэмжээ зохион байгуулжээ.
BBC-гийн өмгөөлөгч Чарльз Тобин Пүрэв гарагт Майами дахь шүүхэд нотлох баримт солилцох хугацаа дуусахад хоёр сар үлдээд байхад Трамп мэдүүлгээ өгөөгүй байгааг онцолсон. Өмгөөлөгчид өнгөрсөн долоо хоногт товлосон уулзалт болоогүйн дараа шүүгчээс Трампыг албадан мэдүүлэг өгүүлэхийг хүссэн юм. Трампын өмгөөлөгчид Лхагва гарагт гаргасан тусдаа баримт бичигтээ Ерөнхийлөгч ирэх оны 1 дүгээр сарын 11-22-ны хооронд ярилцлагад оролцох боломжтой гэж мэдэгдэн, BBC-г мэдүүлгээс зугтаж байна гэж буруутгаж буй нь худал гэжээ.
Нэхэмжлэл нь 2021 онд АНУ-ын Конгрессын байранд гарсан үймээний өмнө Трампын хэлсэн үгийн хоёр өөр хэсгийг нийлүүлэн эвлүүлсэн Panorama нэвтрүүлгийн дугаартай холбоотой. Флоридад гаргасан нэхэмжлэлдээ Трамп BBC-г 2021 оны 1 дүгээр сарын 6-нд Капитолын гадаа хэлсэн үгийг нь санаатай, хорон санаагаар, хууран мэхлэх байдлаар засварласан гэж буруутгажээ.
BBC алдаагаа хүлээн уучлалт гуйж, нэвтрүүлэг Трампыг хүчирхийлэлд шууд уриалсан мэт буруу ойлголт төрүүлсэн гэж мэдэгдсэн. Гэвч тус телерадио компани нэвтрүүлэг гүтгэлгийн хуулийн шалгуурыг хангахгүй, мөн АНУ-д цацагдаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг шүүхээс хүссэн. 7 дугаар сард Трампын өмгөөлөгчид баримтат нэвтрүүлэг BritBox захиалгат үйлчилгээ, BBC-гийн вэбсайт, BBC Select болон АНУ-ын телевизүүдээр гарсан тухай нотлох баримт байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
Трамп мөн BBC-гийн арилжааны салбар BBC Studios нь нэвтрүүлгийг бүтээх, бэлтгэхэд ямар ч оролцоогүй гэж BBC маргасны дараа түүний эсрэг нэхэмжлэлээсээ татгалзсан. Одоо хэрэг талууд дотоод баримт бичгээ харилцан өгдөг нотлох баримт солилцох шатандаа явж байна.
АНУ-ын хуульд тангарагтай мэдүүлэг гэдэг нь шүүхээс гадуур асуултад тангараг өргөн хариулж, дараагийн шатанд ашиглахаар тэмдэглэн авдаг мэдүүлэг юм. Шүүхийн бичээч үг бүрийг тэмдэглэдэг бөгөөд тэмдэглэлийг хожим шүүх хуралдаанд нотлох баримтаар ашиглаж болно. Ийм мэдүүлгийг ихэвчлэн шүүгч биечлэн байлцахгүйгээр өмгөөлөгчийн өрөөнд, гүтгэлгийн хэрэгт хоёр талын өмгөөлөгч оролцуулан авдаг.



