Шинэ номд Жаред Кушнерийг АНЭУ, Саудын Арабын нууц сантай холбоотой гэж буруутгав
Сэтгүүлч Мэттью Коулын номд Трампын хүргэн Жаред Кушнер Персийн булангийн хоёр удирдагчийн 2 тэрбум орчим ам.доллар төвлөрсөн дансанд нэвтрэх эрхтэй байсан гэж бичсэнийг Кушнер үндэслэлгүй зохиомол хэмээн няцаав.

BBC-гийн орос хэлний албаны мэдээлснээр сэтгүүлч Мэттью Коул Дональд Трампын анхны бүрэн эрхийн үед түүний хүргэн, ахлах зөвлөх Жаред Кушнер Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман, АНЭУ-ын удирдагч Мохаммед бин Заедын мөнгө хийдэг банкны дансанд нэвтрэх эрхтэй байсан гэж шинэ номдоо бичжээ. Номын нэг бүлгийг Vanity Fair сэтгүүлд нийтэлсний дараа Кушнер буруутгалыг галзуу гэж нэрлээд, үүнийг уран зөгнөл, зохиомол болон нэг талыг барьсан суртал ухуулгын холимог хэмээн няцаав.
Коулын бичсэнээр 2017 оны сүүлээр Нидерландын Цэргийн тагнуул, аюулгүй байдлын алба (MIVD) Оросын ГРУ-ийн ажилтан хакерыг баривчилж, Их Британид шилжүүлэх эсвэл хамтран ажиллах сонголт өгөхөд тэрээр хамтран ажиллахыг сонгосон байна. Эх сурвалжуудын хэлснээр Нидерландын тал алсын сервер дэх файлуудад нэвтэрч, Кушнерийн iPhone-ий дэлгэцийн зургийг илрүүлжээ. Тагнуулынхан анх Оростой холбоотой ул мөр хайж байсан бөгөөд утасны эмзэг цэгийг олж, Кушнер утсаа ашиглах бүрт дэлгэцийн зургийг нь хадгалах болсон гэж Коул бичжээ.
Ингэхдээ тэд Кушнер утсаараа АНЭУ дахь банкны дансанд нэвтэрч байсныг илрүүлсэн бөгөөд тэр үед уг дансанд Азербайжаны банкнаас хэдэн зуун сая доллар орсон байжээ. Номд дурдсанаар Трамп 2017 оны нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөсний дараахан гадаад бодлогын туршлагагүй Кушнерийг ахлах зөвлөхөөрөө томилж, Ойрх Дорнод дахь тусгай элч болгон Израиль-Палестины асуудлыг хариуцуулсан. Бин Салман, бин Заед нар АНУ-Мексикийн хилийн ханыг санхүүжүүлэх нууц сан байгуулах санааг Кушнертэй ярилцсан ч энэ төсөл бүтээгүй гэнэ.
Коулын хэлснээр үүний оронд хоёр удирдагч Кушнерийн хоёр дансанд нийт 2 тэрбум орчим ам.доллар оруулжээ. Эхний данс нь АНЭУ-ын хамгийн том банк болох First Abu Dhabi Bank-д байсан бөгөөд банкны даргаар бин Заедын ах дүү Тахнун бин Заед ажиллаж байв. 2017 оноос хойш Саудын Араб, АНЭУ энэ дансанд 750 сая орчим ам.доллар шилжүүлсэн бөгөөд мөнгийг гадаад бодлогын сан болгон Кушнер, бин Заед нар хянаж, хэсэгчлэн удирдаж байсан гэнэ. Кушнер дансны эзэмшигч биш ч нэвтрэх эрхтэй байсан аж.
Хоёр дахь данс Израильд байсан бөгөөд Коулын бичсэнээр бин Заед 2018 оны хавар гэхэд Азербайжанаар дамжуулан 1 тэрбум орчим ам.долларыг Кушнерт зориулан шилжүүлжээ. Ил тод байдал муутай Азербайжаны банкууд Ойрх Дорнодоос сая сая долларыг дамжуулах цэг болдог гэж зохиогч тэмдэглэв. Эх сурвалжуудын мэдээлснээр Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэ гүйлгээг мэдэж байсан бөгөөд мөнгийг Израилийн банкин дахь төрийн дансанд байршуулахыг санал болгосон гэнэ. Израильд суугаа АНУ-ын элчин сайд асан Дэвид Фридман энэ дансны талаар мэдэж байсан гэдгийг үгүйсгэжээ.
Хэлцлийг мэдэх нэгэн эх сурвалж Кушнер Израильтай харилцааг хэвийн болгож, бизнесийг хөгжүүлэхийн тулд бин Заед сан хөрөнгөд оролцвол тэдний ашиг сонирхлыг Трампын өмнө хамгаалахаа амласан гэж Коулд ярьжээ. Түүний хэлснээр ийм нууц сан Персийн булангийн арабын орнуудын засгийн газарт түгээмэл авлигын хэлбэр бөгөөд эмиратууд, саудчуудын хувьд хэдэн тэрбум доллар өчүүхэн мөнгө юм.
Кушнер X сүлжээнд бичсэн хариултдаа зохиогч ямар ч банкны хуулга, гүйлгээний бүртгэл, дансны дугаар нотолгоо болгон гаргаж өгөөгүй гэж мэдэгдэв. Тэрээр тухайн үед Конгрессийн олон мөрдөн шалгалт, тусгай прокурорын шалгалтад хамрагдаж, сайн дураараа нийт 30 гаруй цаг мэдүүлэг өгсөн ч эдгээр буруутгал хэзээ ч гараагүй гэж онцолжээ. “Зохиогчийн мэдэгдлүүд туйлын галзуу бөгөөд ийм зүйл хэзээ ч болоогүй” гэж Кушнер бичжээ.
Кушнерийн өмгөөлөгчид ч ямар нэг хууль бус үйлдэл хийгээгүй гэж няцаасан. Төлөөлөгчийнх нь хэлснээр Кушнер ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллахдаа хууль зөрчөөгүй, дурдагдсан дансуудын талаар огт мэдэхгүй бөгөөд гадаадын засгийн газруудтай харилцахдаа хуулийн бүх шаардлагыг мөрдсөн байна. Ном дахь өмгөөлөгчийн тайлбарт Кушнер АНУ-ын Ерөнхийлөгчтэй зөвшилцөөгүй, АНУ-ын ашиг сонирхолд нийцээгүй ямар ч гэрээ хэлэлцээрийг гадаадын удирдагчидтай байгуулаагүй гэжээ.



