Узбекистаны дипломатч Мирвохид Азимов Түрэг улсуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогджээ
Азимов энэ албан тушаалыг хашиж буй Узбекистаны анхны төлөөлөгч болжээ.

Узбекистаны дипломатч Мирвохид Азимовыг Түрэг улсуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсныг Зэ Таймс оф Сентрал Эйша мэдээлжээ.
Шийдвэрийг 10 дугаар сарын 30-нд Туркийн Анкара хотод болсон байгууллагын 13 дахь дээд хэмжээний уулзалтаар гаргаж, гишүүн орнуудын удирдагчид томилгооны шийдвэрт гарын үсэг зуржээ. Азимов 2022 оны 11 дүгээр сараас хойш энэ албыг хашиж байсан Киргизийн дипломатч Кубанычбек Омуралиевыг залгамжилж байна.
Азимов 2020 оноос 2026 оны 5 дугаар сар хүртэл байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байгаад Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевын томилгоогоор Гадаад хэргийн дэд сайд болсон юм. Тэрбээр өмнө нь Узбекистаны Гадаад хэргийн яамны гэрээ, эрх зүйн газрыг удирдаж, Бээжин дэх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт дөрвөн жил ажилласан байна.
Азимов бол байгууллагын тав дахь Ерөнхий нарийн бичгийн дарга юм. Түүний өмнөх дөрвөн удирдагч нь Турк, Азербайжан, Казахстан, Киргиз гэсэн бусад гишүүн орныг тус бүр төлөөлж байжээ.
Азимов Истанбул дахь нарийн бичгийн дарга нарын газрыг удирдах юм.
Түрэг улсуудын байгууллагыг 2009 онд Азербайжан, Казахстан, Киргиз, Турк үүсгэн байгуулсан бөгөөд Узбекистан 2019 онд нэгдсэн юм. Анкарагийн уулзалтаар Турк ээлжит даргалах эрхийг Азербайжанаас хүлээн авч, дараагийн дээд хэмжээний уулзалтыг 2027 онд Узбекистанд хийхээр тохиролцжээ.



